ЭМЯ: Халдварын тоо 10 хоногт 9 саяыг давлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ.

Өнөөдрийн /2020.06.22/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 9.330 сая халдварын тохиолдол илэрч, 469 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт Бразилд 14 мянга, АНУ-д 23 мянга, Энэтхэгт 15 мянган тохиолдол илэрлээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 122 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Өнгөрсөн хавар 3 сард нэг саяар нэмэгдэж байсан бол одоо 8-10 хоногт нэг саяар нэмэгддэг болжээ. Хятадын Бээжин хотын хүнсний захын халдварын тоо 220-д хүрээд байна. 

Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 7728 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 44-147-оор нэмэгдлээ. Тувад 147 тохиолдол, Эрхүүд 191 тохиолдол илэрсэн. Тувад эмнэлгийн хэрэгсэл дутагдаж, байдал хэцүү байгааг мэдээлсэн байна. Тиймээс Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

Манай улсад 2183 иргэн ажиглалтад байна.  Үүн дотор 1-5 насны хүүхэд 115, жирэмсэн 46, архаг өвчтэй 277 хүн байна. Цэргийн төв эмнэлэгт 95 хүн тусгаарлагдаж байгаа дотор хорт хавдар, архаг өвчтэй 15 хүн байгаа. Найман хүний биеийн байдал хүнд байна. 

Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 6000 хүнд шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна.

119 дугаарт 120 дуудлага ирж, шуурхай аппт гадаадын 2 орноос 3 хүн холбогдож, зөвлөгөө авсан байна. Иргэдээс сүүлийн үед хүмүүс назгайрч, амны хаалт зүүхгүй байна гэсэн гомдол их ирж байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

ШУУД ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top