Монгол Улсын Засгийн газар, ард түмнээс, АНУ-ын Засгийн газар, ард түмэнд “Андын сэтгэл алсдахгүй” тусламж үзүүлэх арга хэмжээний хүрээнд хандивлаж буй нэг удаагийн хамгаалалтын 60 мянган ширхэг өмсгөлийг Элчин сайд Ё.Отгонбаяр АНУ-ын Холбооны Онцгой байдлын алба (FEMA)-ны Бүс нутгийн 10-р төвийн дарга М.О Хэйр-д 2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр албан ёсоор хүлээлгэн өгөв.
Тусламжийг хүлээлгэн өгөхөд Холбооны Онцгой байдлын алба, Сиаттл хотын нисэх онгоцны буудал болон Монгол Улсын ЭСЯ, Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын төлөөлөл тус тус байлцав.
Элчин сайд Ё.Отгонбаяр тусламжийг хүлээлгэн өгөхдөө Америкийн ард түмэн, Засгийн газрууд Монгол Улсад шилжилтийн болон байгалийн гамшиг тохиож байсан хүнд, хэцүү үед тууштай дэмжлэг үзүүлж ирснийг онцолж, АНУ-ын Засгийн газар, ард түмэнд коронавирусын халдвартай тэмцэхэд нь дэм болох үүднээс Монголын ард түмэн, Засгийн газраас эдгээр өмсгөлийг хандивлаж байгааг тэмдэглэв. Тэрбээр Америкийн ард түмэн коронавирусын халдварыг даван туулж чадна хэмээн итгэж байгаагаа илэрхийлж, амжилт хүсэв.
Эдгээр өмсгөлийг Холбооны Онцгой байдлын албанаас Аризона, Невада зэрэг муж руу хүргүүлэхээр хуваарилаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар 2019 онд хамтран зарласан Стратегийн түншлэлийн тухай тунхаглалд талууд эдийн засгийн хамтын ажиллагааны боломжуудыг нэмэгдүүлэх, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн болон иргэд хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг бүхий л салбарт улам бүр өргөжүүлэн хөгжүүлэх талаар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч М.Пэнс нар 2018 онд хамтран зарласан Монгол, Америкийн Эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн тухай замын зураглалд талууд тээврийн салбарыг хөгжүүлэхийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, тээврийн салбарын нээлттэй зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулахыг зорихоор тус тус тохиролцсон байдаг.
Боинг компани үйлдвэрлэгдсэн Б-767 “Чингис Хаан” хөлөг онгоц Монгол Улс, АНУ-ын хооронд анхны шууд нислэгийг үйлдэж, түүгээрээ эдгээр өмсгөлийг тээвэрлэж, мөн АНУ-д гацсан монгол иргэдээ Монгол руу авч явахын зэрэгцээ үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэх бөгөөд ийнхүү Монгол, Америкийн агаарын тээврийн салбарын хамтын ажиллагаанд төдийгүй хоёр талын харилцаанд шинэ хуудас нээгдэж байна.
Монгол, Америкийн хооронд энэхүү түүхэн нислэг үйлдэх, тусламжийг тээврлэх, АНУ-д гацсан монгол иргэдийг Монгол руу авч явах, үлэг гүрвэлийн олдворуудыг тээвэрлэх зэрэг ажлыг амжилттай зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн АНУ-ын Төрийн департамент (Department of State), Дотоодын аюулгүй байдлын яам (DHS), Тээврийн яам (DOT), Холбооны Онцгой байдлын алба (FEMA), Холбооны нислэгийн удирдах алба (FAA), Тээврийн аюулгүй байдлын алба (TSA), Хил, гаалийн алба (CBP), Холбооны Хүнс, эмийн бүтээгдэхүүний алба (FDA) болон Сиаттл хотын нисэх онгоцны буудал зэрэг байгууллагад Монгол Улсын Засгийн газар, Вашингтон дахь Элчин сайдын яамны зүгээс гүн талархал илэрхийлж байна гэж Монгол дахь АНУ-ын ЭМЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар гоё юм бэ