Судалгаа: АНУ-д 8.7 сая хүн халдвар авсан байж болзошгүй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24


Цар тахлын эхэн үед буюу гуравдугаар сард АНУ-ын 8.7 сая иргэн коронавирусээр халдварласан байж болзошгүй бөгөөд 80 хувь нь шинжилгээнд хамрагдаагүй гэж Пеннсилван мужийн их сургуулийн судлаачид үзэж байна.

Тухайн үед оношлуур хязгаартай байсан бөгөөд шинж тэмдэггүй өвчтөнүүд эмнэлэгт хандаагүйтэй холбоотой.

“Science Translational Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас үзвэл, өнгөрсөн гуравдугаар сард эмнэлэгт хандсан томуу төст өвчтэй гэх хүмүүсийн мэдээллийг судалжээ. Тэдний ихэнхэд улирлын томуу, коронавирус эсвэл өвлийн улиралд дэгддэг вирусийн гаралтай бусад төрлийн өвчний онош тавиагүй байна. Судлаачид тухайн сард халуурах, ханиах зэрэг томууны шинж тэмдэгтэй өвчтөнүүдийн тоо огцом өссөн болохыг тогтоожээ. Гэхдээ эмч нар томуу гэсэн онош тавиагүй байна. Ийм тохиолдлууд Колорадо, Луизиана, Мэрилэнд, Нью Жерси, Нью Йорк, Вашингтон, Пеннсилваниа зэрэг мужид бүртгэгджээ. Тухайлбал, Нью Йоркт томуу бус томуу төст өвчин гэсэн оноштой хүний тоо гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт хоёр дахин нэмэгдсэн байна. Эдгээр мужид бүртгэгдсэн өвчтөнүүдийн гуравны нэг нь коронавирусээр халдварласан байсан бол гуравдугаар сарын 8-наас 28-ны хооронд АНУ даяар 8.7 сая хүн халдвар авсан байсан байх боломжтой гэж судлаачид тооцоолжээ. Судалгаа явуулах үеэр тус улсад 160 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн байсан. Пеннсилван мужийн их сургуулийн судалгааны загварын дагуу, тухайн үед АНУ-ын хүн амын 0.04 хувь бус харин 2.6 хувь халдвар авсан байжээ. Тухайн үед оношлуурын хүртээмж бага, оношлуур алдаатай хариу өгөх магадлал өндөр байсан гэж судлаачид тодруулсан байна. Түүнчлэн, ихэнх өвчтөнүүдэд шинж тэмдэг илрээгүйтэй холбоотой гэжээ. Судлаачдын хэлснээр, өнгөрсөн гуравдугаар сард томуу бус томуу төст өвчин гэсэн оноштой өвчтөнүүд халдвар авсан өвчтөний тооноос ихээхэн давж байсан бөгөөд халдвар авсан олон тооны хүн илрээгүй үлдсэн байх талтай гэж үзэж байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, АНУ-д нийт 2.3 сая гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, 120 мянга гаруй хүн нас баржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top