Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын цаг үеийн нөхцөл байдлыг мэдээлэх үеэр Монгол Улсад коронавирусний гурван тохиолдол нэмж бүртгэгдсэн тухай мэдээллээ.
Халдвар илэрсэн гурван хүн нь 22-23 насны хоёр эрэгтэй, нэг эмэгтэй байгаа аж.
“ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар салбар лабораторид 174 хүнд шинжилгээ хийхэд гурван хүнээс халдвар илэрсэн. Тухайн гурван хүн зургаадугаар сарын 25-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван оюутан байсан” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Сайхан мэдээ дуулгахад, нэг хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжсэн байна. Дээрх эдгэрсэн өвчтөн нь 19 настай цэргийн сургуулийн сонсогч бөгөөд 43 хоног эмчилгээ хийлгэсний эцэст эдгэрчээ.
Монгол Улсад ийн бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 219 болжээ. Эдгээр 219 өвчтөнөөс 170 нь эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан бол 49 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлын хувьд 42 хүн хөнгөн, долоон хүн хүндэвтэр байгаа аж.