Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэр халдвар нэмж илрээгүй бөгөөд нэг хүн эдгэрч эмнэлгээс гарсан тухай мэдээллээ.
Эдгэрсэн хүн нь 21 настай ОХУ-д сурдаг оюутан байжээ. Дээрх иргэн нийт 36 хоног эмчлэгдээд ийнхүү эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ.
Өчигдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан хотын салбар лабораторид 406 хүнд шинжилгээ хийхэд коронавирусний халдвар илрээгүй байна.
“Ажиглах байранд тусгаарлагдаж байсан 378 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Энэ 378 хүн нь Энэтхэг-УБ, Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүс байсан. Мөн ХӨСҮТ-д сэжигтэй байсан хоёр хүнд мөн халдвар илрээгүй. Идэвэхтэй тандалт буюу хүн амын дунд байгаа эрсдэлтэй бүлгийн хүмүүсээс санамсаргүй түүврийн аргаар шинжилгээ хийхэд долоон хүнд илрээгүй. Түүнчлэн Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 19 жолоочоос коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярилаа.
Одоогоор Монгол Улсад коронавирусний халдвартай 220 хүн байгаа бөгөөд үүнээс 176 нь эдгэжээ. Харин эмнэлэгт 44 хүн коронавирусээр оношлогдож хэвтэн эмчлүүлж байна.