АНУ КОВИД-19-ийн эсрэг ремдесивир бэлдмэлийн бүх нөөцийг худалдан авсан уу

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага АНУ коронавирусний халдварын эсрэг хэрэглэж буй ремдесивир бэлдмэлийн бүх нөөцийн худалдан авсан гэх мэдээлэл хэр бодитой болохыг судалж байна гэж ДЭМБ-ын онцгой байдлын захирал  Майкл Райан мэдэгджээ. Хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай эмчилгээ бүх хүнд хүртээмжтэй байх ёстой гэж тэрбээр онцолсон байна.

АНУ-ын эрх баригчид КОВИД-19-ийн эсрэг хэрэглэж буй ремдесивир эмийн гурван сарын нөөцийг худалдан авсан тухай “The Guardian” сонин мэдээлжээ. Ингэснээр ойрын гурван сар дэлхийн нэг ч улс АНУ-ын “Gilead Sciences” эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүн болох ремдесивир бэлдмэлийг их хэмжээгээр худалдан авах боломжгүй болсон гэж тус сонин онцолсон байна.

“Gilead Sciences” компанийн мэдээлснээр, энэ эмийг халдвар авсан өвчтөнүүд хэрэглэснээр эдгэрэх хугацааг дөрөв хүртэл хоногоор богиносгодог байна. Нэг өвчтөн дунджаар зургаан ампул бэлдмэлийг таван хоног хэрэглэх шаардлагатай аж. Хөгжингүй орнуудад нэг тун ремдисивир бэлдмэлийн үнийг 390 ам.доллароор тогтоогоод байгаа тул нэг курс эмчилгээ 2 340 ам.доллар болох гэнэ. АНУ ирэх гурван сард үйлдвэрлэгдэх эл бэлдмэлийн нөөцийн 90 хувь буюу 500 мянга гаруй тунг худалдан авчээ.

Тус бэлдмэлийг коронавирусний халдварын үед хэрэглэхэд үр дүнтэй болохыг нь АНУ, Япон, БНСУ, Энэтхэг, Израил, Их Британид хүлээн зөвшөөрсөн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top