Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хийх үеэрээ коронавируст халдварын шинэ тохиодол илрээгүй, харин хоёр хүн эдгэрч дараагийн шатын сувилалд шилжсэн тухай мэдээллээ.
Эдгэж, дараагийн шатны сувилалд шилжсэн хоёр хүний нэг нь 22 настай оюутан бөгөөд 42 хоног эмчлүүлжээ, харин нөгөө нь ачаа тээврийн жолооч 32 настай эрэгтэй бөгөөд 16 хоног эмчлүүлсэн байна.
“Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дарханы салбар лабораторид 55 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Тодруулбал, ХӨСҮТ-д тусгаарласан 12, Алтанбулгийн боомтоор орж ирсэн 42, тандалтын нэг сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьсан юм.
Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 220 тохиолдол байгаа бөгөөд 185 хүн эдгэжээ.
Харин ХӨСҮТ-д коронавирусээр оношлогдсон 35 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 33 хүний биеийн байдал хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 262 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авах ажил эхэлжээ.