Шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг вакцин бүтээж буй эрдэмтэд вакцины тарилгын хариуд үүсэж буй эсрэг биет нь вирус эсэд нэвтрэхийг эрчимжүүлж болзошгүй гэж АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн чанарын хяналтын газрын вакцины хэлтсийн захирал Константин Чумаков онцолжээ.
Вакцины туршилтын эхний болон хоёр дахь шатны үр дүнгээс үзвэл вирусийг устгадаг эсрэг биет вакцин хийлгэсэн хүмүүсийн цөөн хэсэгт үүсжээ. Ихэнх хүмүүст вирусийг устгадаггүй эсрэг биет үүссэн байна. Ингэхдээ хүмүүст эсрэг биетээс хамааралтай хүнд халдвар болон вакцинаас үүдэлтэй амьсгалын замын өвчин зэрэг хэд хэдэн хүндрэлүүд бий болжээ. Эсрэг биетээс хамааралтай хүнд халдварын тухайд эсрэг биет вирустэй харилцан үйлчилснээр эсүүдийн зарим рецепторууд эсрэг биетийг татаж, вирусийг эсэд нэвтрэх боломжийг идэвхжүүлж байна гэж эрдэмтэн тайлбарлажээ. Хоёр дахь тохиолдолд вакцинд үзүүлэх дархлааны хариу үйлдэл харшлын өвчний үед гардаг хариу урвалтай төстэй байж болзошгүй. Тиймээс эсрэг биет болон вакцинжуулалт өвчнийг урьдчилан сэргийлэх бус харин ч хүндрүүлж болзошгүй байгаа нь маш аюултай гэж Чумаков онцолжээ. Тиймээс вакцин бүтээхдээ вирусийг устгадаг эсрэг биет түлхүү үүсгэхэд анхаарах хэрэгтэй гэжээ.
Дэлхий дахинд коронавирусний эсрэг нийт 17 вакцин эмнэлзүйн туршилтад ороод байгаа бол эмнэлзүйн өмнөх туршилтын шатанд 132 вакцин байна.
Сэтгэгдэл ( 0 )