Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэхэд Монгол Улсад халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй гэдгийг дуулгалаа.
Харин сайн мэдээ байгаа нь хоёр хүн эдгэрч дараагийн шатны сувилалд шилжжээ.
Эдгээр өвчтөний нэг нь 19 настай цэргийн сургуулийн оюутан бөгөөд 56 хоног эмчлэгдээд эдгэрчээ. Харин нөгөө нь 37 настай мөн оюутан бөгөөд 42 хоног эмчлэгдээд эдгэрч байгаа нь энэ аж.
Өчигдөр буюу долоодугаар сарын 08-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан хотын салбар лаборатори, Зоонозын өвчин судлалын төвд нийт 701 хүний сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.
“Ажиглах байранд тусгаарлагдсан 548 хүнд гурав дахь удаагийн давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Дээрх иргэд зургаадугаар сарын 20-ний өдөр Франкфурт-Улаанбаатар, зургаадугаар сарын 18-ний өдөр Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэд байлаа. Түүнчлэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12, Ажиглах байранд тусгаарлагдаж буй 80 хүнээс шинжилгээ авахад вирус илрээгүй. Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 33 жолооч, Сэлэнгэд тусгаарлагдсан дөрөв, Дорноговьд тусгаарлагдсан нэг иргэнээс коронавирус илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьлаа.
Одоогоор Монгол Улсад коронавирусний 227 тохиолдол бүртгэгдсэнээс 197 нь эдгэрсэн байна.
Харин ХӨСҮТ-д 30 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурван өвчтөний биеийн байдал хүндэвтэр байгаа гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.