САЙХАН МЭДЭЭ | Халдвар нэмж илрээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10


Эрүүл мэндийн яамнаа коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэл хүргэх үеэр коронавирусний халдвар нэмж илрээгүй болохыг мэдээллээ.

Өчигдөр буюу долоодугаар сарын 09-ний өдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан хотын нэг лабораторид нийт 328 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

“Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Дээрх хүмүүс долоодугаар сарын 08-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүс байсан. Түүнчлэн ажиглах байранд тусгаарлагдаж буй 26 хүн, тандалтын зорилгоор цуглуулсан есөн сорьц, Алтанбулгийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 29 жолоочоос вирусний халдвар илрээгүй” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьлаа.

Одоогоор Монгол Улсад коронавирусний батлагдсан 227 тохиолдол байгаагаас 197 нь эдгэрсэн байна.

Коронавирусээр оношлогдсон 30 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд үүнээс гурван өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна.

Top