КОВИД-19: Фавипиравирыг эрт уух нь илүү үр дүнтэй

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.16/ ээлжит мэдээллээ өглөө.

ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн нэг хоногт дэлхий дахинд 226 181 шинэ тохиолдол бүртгэгдэж, 5579 өвчтөн нас баржээ. АНУ-д 67 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 3 сая 418 мянга гаруй хүн халдвар авснаас 136900 гаруй хүн энджээ. Бразилд коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 45 403-аар нэмэгдэж, нийт 2 012 151 хүрлээ. Тус улсад сүүлийн нэг хоногт 1322 хүн нас барж, нийт 76 688 хүн энджээ. Нэг сая хоёр зуу гаруй хүн эдгэрчээ. Энэтхэг улсад нийт 1 001 449 халдварын тохиолдол бүртгэгдэж, 25 582 хүн нас барж, 612 мянга гаруй өвчтөн эдгэрчээ. Казахстанд 1674 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 63100-г давжээ. Австралид 330 шинэ тохиолдол бүртгэгджээ. БНСУ-д сүүлийн нэг хоногт 60 шинэ тохиолдол, хоёр нас баралт бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 39 нь гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол. Ихэнх нь Иракт ажилладаг Солонгос иргэд эзэлж байна. БНХАУ-ын эх газарт 10 шинэ тохиолдол илэрснээс ес нь зөөвөрлөгдсөн,  нэг нь Шинжаан-Уйгуурын өөртөө засах оронд илэрчээ. Хонконгт 67 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 63 нь дотоодын халдвар, бусад нь зөөвөрлөгджээ. Тус онцгой бүсэд нийт 1655 хүн халдвар авснаас 10 нь нас баржээ.

АНУ-ын Стэнфорд судлаачид фавипиравир эмийн судалгаа эхэлсэн тухай мэдээлжээ. Туршилтад халдвар авсан 120 хүн оролцоно. Судлаачид энэ эмийг эрт ууж хэрэглэх нь илүү үр дүнтэй гэж анхааруулж байна. Шинжилгээний хариу авснаас хойш 72 цагийн дотор уулгаж эхэлж, эмчилгээ 10 хоног үргэлжлэх ёстой аж. Хятадын улсын “Sinopharm” эмийн үйлдвэр КОВИД-19-ийн эсрэг вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шатыг Арабын Нэгдсэн Эмират Улсад  эхлүүлжээ. Тус вакцины туршилтын нэг, хоёрдугаар шатанд ноцтой гаж нөлөө илрээгүй бөгөөд хоёр тун хийхэд 28 хоногийн дараа эсрэг биет үүсжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
маскаа зүүгээчээ!!!!(103.26.193.224) 2020 оны 07 сарын 17

Бид бүгд амны маскаа зүүхгүй байна.Бас тусгаарлалтанд байсан хүмүүс гэр орондоо байхгүй гадуур үйлчилгээний газар амралт сувилалд их очиж байна.Бид дотооддоо алдвал доод 30 мянгаар тогтохгүй зовлон зүдгүүр ирэх магадлалтай .шүү.Бид ЭМ ийн эмч сувилагч цэрэг цагдаа онцгой МХГ ийн ажилчид гээд энэ олон хүмүүсийн буянд бид дотооддоо алдаагүй явж байна.Энэ хүмүүсдээ эрүүл энхийг хүсье!

0  |  0
Top