Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.20/ ээлжит мэдээллээ өглөө. Дэлхий дахинд КОВИД-19 халдварласан хүний нийт тоо 14 сая 899 мянга гаруйд хүрч, 617 мянган хүн энджээ. Өнгөрсөн хугацаанд 8.9 сая хүн эдгэрсэн бол одоогийн байдлаар 5.3 сая өвчтөн эмчлүүлж байна. Өнгөрсөн нэг хоногт 213 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ.
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Өнгөрсөн 24 цагийн байдлаар, АНУ-д 57700 гаруй шинэ тохиолдол, 473 нас баралт бүртгэгдэж, нийт халдварын тоо гурван сая 819 мянгаас давж, 140600 гаруй хүн нас баржээ. АНУ-ын Халдварт өвчин, харшил судлалын төв халдварын бодит тоо бүртгэгдсэн тооноос 6-14 дахин илүү байж болзошгүй гэж үзэж байна. Тандалт шинжилгээ хийхэд Сан Франциско хотын хүн амын нэг хувь, Нью-Йорк хотын оршин суугчдын зургаан хувьд эсрэг биет үүссэн нь тогтоогджээ. Бразилд 41 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 2 159 мянга гаруйд хүрч, 81 мянга гаруй хүн энджээ. Энэтхэгт сүүлийн нэг хоногт 37 мянга гаруй хүн халдвар авч, нийт халдварын тохиолдол нэг сая 155 мянга гаруйд хүрчээ. Японд 633 шинэ тохиолдол бүртгэгджээ. Японы Эрүүл мэндийн яам дексаметазон эмийг эмчилгээний зааварт нэмж оруулжээ. Оксфордын их сургуулийн судалгаанаас үзвэл энэ эм нас баралтыг бууруулдаг болох нь тогтоогджээ. Австралид 56 мянга гаруй хүнд шинжилгээ хийснээс 388 нь эерэг гарчээ. БНСУ-д 63 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Эдгээрээс 29 нь дотоодын халдвар бөгөөд 13 нь Сөүлд илэрчээ. Тус улсад өндөр настны асрамжийн төвүүдэд халдварын шинэ голомт бий болж байна. Харин сүмийн цуглааны хоригийг энэ баасан гарагаас цуцлахаар шийджээ. БНСУ-д хүнд өвчтөнүүдэд ремдесивир тарилгыг хэрэглэж байгаа бөгөөд мөн халдвар авч эдгэрсэн хүний цусны сийвэнгийн эмчилгээ хийж байна. Тус улс халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн цусны сийвэнг эмчилгээнд хэрэглэх эмнэлзүйн туршилтыг албан ёсоор эхлүүлээд байна. БНХАУ-д 14 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс ес нь Шинжаан Уйгуурт илэрчээ.
Сэтгэгдэл ( 0 )