ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАДГАЛАЛТЫН ГОРИМ, ХУГАЦААГ ХАРЖ ХУДАЛДАН АВАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч аж ахуй нэгж байгууллагад хийгдэж буй хяналт шалгалт үргэлжилж байна. Нийслэлийн 9 дүүргийн 140 хороонд хүнсний худалдаа, хүнсний үйлдвэр эрхлэгч нийт 6435 аж ахуйн нэгж, иргэн үйл ажиллагаа явуулж байгаагаас 2020.11.15-23-ны өдрүүдэд 4069 объектыг хяналт шалгалтанд хамрууллаа. Үүнээс хүнсний худалдааны газар-3954, хүнсний үйлдвэр цех- 115 байна. Шалгалтаар нийт 3641 зөрчил илрүүлж 76.1 хувийг арилгууллаа.
Хяналт шалгалтын явцад үйлчлүүлэгч, ажилчдын биеийн халуун үзсэн боловч бүртгэл хөтлөөгүй, үйлчлүүлэгчдийг хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх санамж байршуулаагүй зэрэг дутагдлыг газар дээр нь арилгуулж, халуун хэмжигч,гар ариутгагч бодис байрлуулж бүртгэл хөтөлж хэвших талаар зөвлөгөө өглөө.
Гэр хорооллын хүнсний дэлгүүр, хүнсний мухлагуудад халуун хэмжигч багаж олдохгүй байгаа шалтгаанаар үйлчлүүлэгчийн халуун хэмжиж бүртгэл хөтлөх зөрчил арилахгүй байна.
Шалгалтаар напелион, тараг, иогурт, өндөг, хиам зэрэг хадгалалтын горим зөрчсөн, хадгалах хугацаа дууссан түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил илэрч байна. Иймд 239 нэр төрлийн 1069 ш, 13кг түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүнийг дотоод хяналтаар устгууллаа.
Шалгалтын явцад архи, согтууруулах ундаа худалдаалсан зөрчил илрээгүй. Иргэд хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалалтын горим, хугацаа, хаяг шошгыг сайтар үзэж, худалдан авахыг зөвлөж байна. Хяналт, шалгалт үргэлжилж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар
Сэтгэгдэл ( 0 )