Даваа гарагт /2021.04.05/ Канад улсад коронавирусний халдварын нийт тохиолдол 1.004 саяд хүрчээ. Ингэснээр халдварын нийт тохиолдол нэг саяыг давсан орны тоо 23-д хүрээд байна.
Шинжээчид энэ жагсаалтыг Румын улс үргэлжлүүлнэ гэж үзэж байна. Тус улсад 974 мянган хүн халдвар аваад байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд нийт 130 сая гаруй хүн халдвар авснаас 2.84 сая хүн эндээд байна.
Америкийн бүс нутагт халдварын тархалт Бразилд хамгийн эрчимтэй байна. Сүүлийн хоёр долоо хоногт нэг өдрийн дотор 80-90 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад нийт 13 сая орчим хүн халдвар авсан ба энэ үзүүлэлтээр Бразил хоёрт орж байна.
АНУ-д оны эхний байдалтай харьцуулахад халдварын тархалт харьцангуй буурч байна. Нэгдүгээр сард хоногт 300 мянган шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн үед хоногт 60-70 мянган тохиолдол илэрч байна. Нэгдсэн Улсад нийт 30.7 сая хүн халдвар авчээ. Чилид 1.02 сая, Перуд нийт 1.58 сая, Колумбд 2.44 сая, Аргентинд 2.39 сая тохиолдол тус тус батлагдаад байна.
Харин Мексикт нөхцөл байдал сайжирч байгаа гэнэ. Нэгдүгээр сард халдварын тохиолдол хоногт 20 мянга гаруйгаар нэмэгдэж байсан бол өдгөө таван мянга хүртэл буурчээ.
Европ коронавирусний халдварын голомт хэвээр байна. Халдварын тархалт Францад хамгийн өндөр байна. Сүүлийн нэг хоногт халдварын тохиолдол 66.8 мянгаар нэмэгдэж нийт 4.82 саяд хүрчээ. Франц нийт 84.82 сая хүн халдвар авч, энэ үзүүлэлтээр ОХУ-ыг /4.58 сая/ түрүүлж, дөрөвт бичигджээ.
Польшид 2.43 сая, Украинд 1.75 сая халдвар бүртгэгдсэн бол Италид 3.66 сая, Германд 2.89 сая, Нидерландад 1.3 сая тохиолдол батлагдаад байна.
Испанид /3.3 сая/ нөхцөл байдал харьцангуй тогтворжин байгаа бол Их Британид /4.36 сая/ сүүлийн долоо хоногт халдвар 30 хувиар буурчээ.
Ази, Африкийн хувьд Энэтхэг улсад өнгөрсөн ням гарагт 103.5 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болов. Тус улсад нийт 12.59 сая хүн халдвар аваад байна. Турк улсад /3.48 сая/ сүүлийн нэг хоногт халдварын 44.7 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойших хугацаанд гарч буй хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Иранд 1.93 сая, Индонез улсад 1.53 сая, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад 1.55 сая халдвар тус тус бүртгэгдээд байна.