Европын эмийн агентлаг “AstraZeneca” компанийн гаргаж авсан коронавирусний вакцин болон цусны бүлэгнэлт үүссэн тохиолдол хоорондоо холбоотой болохыг хүлээн зөвшөөрчээ.
Тус агентлагийн Вакцинжуулалтын стратегийн газрын тэргүүн Марко Кавалери вакцинжуулалт, цусны бүлэгнэлт үүссэн тохиолдолтой учир шалтгааны холбоогүй гэж үгүйсгэх аргагүй болж байна. Гэхдээ ийм хариу урвалын шалтгаан тодорхойгүй байна гэжээ. Энэ чиглэлээр хийж буй судалгаа дуусах болоогүй байна гэж тэрбээр тодруулсан байна.
Кавалеригийн энэхүү мэдэгдэлд тайлбар хийхдээ Италийн Эрүүл мэндийн дэд сайд Перпаоло Силери "Европын эмийн агентлаг “AstraZeneca” вакциныг тодорхой насны бүлэгт хэрэглэхийг хориглохыг зөвлөж магадгүй" гэжээ.
Британи, Шведийн хамтарсан “AstraZeneca” компани, Оксфордын их сургуультай хамтран гаргасан вакциныг мичний аденовирус дээр үндэслэн бүтээжээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр Европын комисс эл вакциныг Европын холбооны нутаг дэвсгэрт хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Гуравдугаар сард “AstraZeneca” вакцин хийлгэсэн зарим хүнд аюултай хүндрэлүүд үүссэн талаар мэдээлэл гарах болсон. Хамгийн түрүүнд Австри түгшүүр зарлав. Вакцин хийлгэсэн хүнд цусны бүлэгнэлт үүсэж, арван хоногийн дараа нас барсан бол бас нэг хүнд уушгины артерийн судасны бөглөрөл үүсжээ. Австрийн дараа бусад орнууд цусны бүлэгнэлттэй холбоотой хүндрэлүүд гарсан тухай мэдээлж эхэлсэн билээ. Улмаар ЕХ-ны зарим улс орон тус вакцин хэрэглэхийг түр зогсоосон. Ингэхдээ Европын эмийн агентлаг вакцины давуу тал эрсдэлээс хэд дахин илүү гэж мэдэгдэж байв.