Оксфордын их сургууль “AstraZeneca” компанитай хамтран гаргаж авсан вакцины хүүхэд, өсвөр настнуудын дунд хийж эхэлсэн туршилтаа түр зогсоосон тухай мэдэгджээ. Учир нь вакцин хийлгэсэн насанд хүрэгчдэд цусны бүлэгнэлт үүссэн асуудлаар илүү мэдээлэл авахаар хүлээж байгаа гэнэ.
Хэдийгээр хүүхэд, өсвөр настнууд дээр хийж буй туршилтын явцад асуудал гараагүй ч Их Британийн зохицуулах агентлагаас чиглэл авсны дараа судалгааг үргэлжлүүлнэ гэж Оксфордын их сургууль онцолжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сард Их Британийн 6-17 насны 300 сайн дурын хүүхдийг туршилтад хамруулсан байна. Европын эмийн агентлаг “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа тархины хатуу бүрхүүлийн венийн судасны бөглөрөл үүссэн туйлын ховор тохиолдлыг судалж байгаа бөгөөд ирэх нэг, хоёр хоногоос дүгнэлтээ танилцуулах юм.