Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өндөр настай болон эрсдэлт бүлгийн хүмүүстэй хамт амьдардаг иргэдэд сонор сэрэмжтэй байж, дотнын хүмүүсээ халдварын эрсдэлээс хамгаалахыг уриаллаа.
Эмч, эмнэлгийн ажилчид маш хүнд байдалд ажиллаж, үүргээ гүйцэтгэж байгааг ЭМЯ-наас мэдээлээд "Уушги орлуулах экмо аппаратыг ажиллуулах тусгай баг, тоног төхөөрөмжийн зардал гэхэд л 35 сая төгрөг болж байна. Хүмүүс өвчлөөд, хүндрээд гэрээр нас барах эрсдэл байна. Эрсдэлт бүлэгт хамаарагддаг хүмүүс ковидоор өвдсөнөө мэдэхгүй байж байгаад архаг хууч өвчин нь сэдэрч, гэрийн орчинд нас барах магадлал өндөр байгаа. Манай улсад эмнэлгийн орны асуудлаас гадна эмч, хүний нөөцийн тоо маш хэрэгтэй байна" гэв. Энэ асуудал хүндэрвэл эрүүл мэндийн бусад үйлчилгээ доголдох аюултай байгаа аж.
Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүс витамин С, Д, цайрын бэлдмэл хэрэглэж байгаа гэнэ. Гэрийн бусад хүмүүс ч үүнийг хэрэглэвэл ковидын хүндрэлээс сэргийлнэ гэлээ. Өвчилсөн иргэдийн нэлээд их хувь нь гэрээс эмнэлэг рүү өөрийн хүсэлтээр шилжсэн байна.
Өвчилсөн хүмүүс гараад явж байх вий, салхилж байх вий гэх асуулт иргэдээс их ирж байгаа аж. Үүнд ЭМЯ-наас "Энэ тал дээр бүх шатны зохицуулалт хийсэн. Хороо, дүүргийн холбогдох албаныхан ажиллаж байгаа, иргэд өөрсдийнхөө ухамсараар ч ингээд гэрээсээ гараад салхилж явахгүй" гэсэн хариулт өглөө.
Сэтгэгдэл ( 0 )