Вакцин хийлгэсэн хүмүүс яагаад халдвар авдаг вэ?

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Дархлааны тогтолцооны онцлогоос шалтгаалан хүмүүсийн 5-8 хувьд эсрэг биет болон вакцин үйлчилдэггүй гэж ОХУ-ын Н.Ф.Гамалеягийн нэрэмжит Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнгийн хэлтсийн тэргүүн Александр Бутенко ярьжээ. Түүний хэлснээр, мөн өөр шалтгаанаар вакцин хийлгэсэн хүмүүс коронавирусний халдвар авах боломжтой гэнэ. Вакцин хийлгэснээс хойш тогтвортой дархлаа тогтох хүртэл хангалттай хугацаа өнгөрөөгүй тохиолдолд халдвар авах эрсдэлтэй гэнэ. Тухайлбал, халдварын нууц үед вакцин хийлгэсэн тохиолдол халдвар авах боломжтой. Вакцин хийлгэснээс хойш эхний өдрүүдэд хүн эмзэг байдаг тул энэ үед мөн халдвар авах боломжтой гэж шинжээч тайлбарлажээ. Тиймээс вакцин хийлгэсэн хүмүүс амны хаалт зүүж, хүн хоорондын зай баримталснаар халдвар авах эрсдэлээс өөрийгөө хамгаалах боломжтой гэж эрдэмтэн зөвлөж байна.

Одоогоор ОХУ-д Гамалея төвийн “Спутник V”, “Вектор” төвийн "Эпиваккорона", Чумаковын нэрэмжит төвийн “Ковивак” зэрэг гурван вакциныг бүртгээд байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхийн 223 улс, нутаг дэвсгэрт коронавирусний халдвар бүртгэгдэж, нийт 132 730 691 хүн халдвар авснаас 2 880 726 хүн энджээ. Одоогийн байдлаар, дэлхий дахинд 669 248 795 тун вакцин хийгээд байна.

 

 

Top