АНУ-ын “Centura Health” компанийн Колорадо, Хойд Каролина муж дахь вакцинжуулалтын төвүүд “Johnson & Johnson” вакцин хэрэглэхээ түр зогсоожээ. Эл вакцин хийлгэсэн хүмүүст сөрөг нөлөө илэрсэн тул ийм шийдвэр гаргасан тухай “CBS” суваг мэдээлжээ.
Колорадо мужийн Денвер хотод вакцин хийлгэсэн 11 хүнд “Johnson & Johnson” вакцины хийлгэсний дараа толгой нь эргэх, дотор нь муухайрах шинж тэмдэг илэрсэн байна. Мөн ийм шинж тэмдэг Хойд Каролина мужид тус вакциныг тариулсан зарим хүнд ажиглагджээ.
“Johnson & Johnson” вакцинд асуудалтай байна гэж одоогоор хэлэх боломжгүй байна гэж “Centura Health” компанийн төлөөлөгч онцлоод судалгаа хийх үүднээс тус вакциныг хэрэглэхийг түр зогсоосон гэж тайлбарласан байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ-ын Хүнс, эм бэлдмэлийн чанарын агентлаг “Johnson & Johnson” компанийн вакциныг онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгожээ. Тус вакциныг зөвхөн нэг тунгаар хийх юм. Эмнэлзүйн гурав дахь шатны туршилтаар “Johnson & Johnson” вакцин 85 хувийн үр дүнтэй болох нь тогтоогдсон билээ.