Дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар 391 эрүүл мэндийн ажилтан коронавирусний халдвар авчээ. Өвчилсөн хүмүүсийн 60 хувийг эмч, сувилагч нар эзэлж байгаа аж.
Хөнгөн хэлбэрээр өвдсөн хүмүүст вирусний эсрэг эмчилгээ хийхгүй байгаа бөгөөд дархлааг нь дэмжих замаар эмчилж байгаа талаар ЭМЯ-наас мэдээллээ. Харин хүндэрсэн хүмүүст вирусний эсрэг эмчилгээ болон дааврын эмчилгээ хийж байгаа гэнэ.
Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн тухайд, хөнгөн өвчилсөн хүмүүст сүүлд нь гарах сөрөг нөлөө бага, харин хүндэрч, уушгины хатгаа болсон, амьсгалын дутагдалд орсон зэрэг хүмүүс сүүлд нь эмчлүүлэх шаардлагатай гэлээ.
Хатуу хөл хорионы үед иргэн бүр цар тахлын үеийн дэглэмээ сахиж, хүн хоорондын контакт үүсгэхээс зайлсхийхийг ЭМЯ-наас зөвлөлөө. Хатуу хөл хорио нь хүн хоорондын контакт үүсгэх, олноороо цуглах зэргээс үүсдэг эрсдэлээс хамгаалсан арга хэмжээ юм гэдгийг онцлов. Иргэн та өвчлөхгүй байх нь таны ойр дотнын дөрвөн хүнийг халдвараас хамгаалж байгаа гэсэн үг юм. Иймээс шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байж, дэлгүүр орох, салхилах зэргээр гарах шаардлагатай үедээ амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайг сайн бариарай.