ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр Монгол Улсад өнөөдрийн /2021.04.13/ байдлаар 0-17 насны 3318 хүүхэд ковидоор өвчилсөн талаар мэдээлэл өглөө. Хүүхдийн өвчлөл нийт халдварын тохиолдлын 20 хувийг эзэлж байгаа аж.
Улаанбаатар хотод 2869 хүүхэд өвчилсөн бол хүүхдийн халдварын зөөвөрлөгдсөн 22 тохиолдол, аймаг, орон нутагт 427 хүүхэд өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Мөн ээж, аавтайгаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд бий гэв.
Хүүхдүүдээс PCR шинжилгээ авч байгаа эсэх талаар ЭМЯ-наас "Хүүхдүүдээс шинжилгээ авч байгаа. Тухайн хүүхэд гэр бүлийн ойрын хавьтал болсон тохиолдолд PCR шинжилгээг заавал авч байна. Харин 1 хүртэлх насны хүүхдээс сорьц авахад хялбар биш байдаг учир уян бамбартай сорьц авах савхаар залгиурын эрхтэн буюу хойлойн арчдасаас шинжилгээ авч байгаа. 1 хүртэлх насны хүүхдүүдээс аль болох сорьц авахгүй байхыг хичээж байна. 1-ээс дээш насны хүүхдүүдээс залгиурын сорьц авч байгаа" гэлээ.