ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Монгол Улсад сүүлийн 24 цагт коронавируст халдварын 742 тохиолдол бүртгэгдлээ. Хүндэвтэр хүний тоо 689 болж нэмэгдэж, маш хүнд хүний тоо 5 болжээ.
Дэлхийн 161 улсад дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна. Хоёр төрлийн вакцины тунг хольж тарих талаар дэлхий дахинд судалгаа шинжилгээний ажил явагдаж байгаа аж.
Эрүүл мэндийн яамны судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр PCR оношилгоо болон ковидын оношлууртай холбоотой шинэ мэдээллийг өглөө. Тэрбээр "PCR нь сайн шинжилгээ. Гэхдээ халдвар их болсон үед энэ шинжилгээний ачаалал ихсэхээр халдвартай хүний хариу гарах хугацаа хойшилж, халдвар тараагаад явах эрсдэлтэй байна. Иймээс халдвар авсан үед гардаг шинж тэмдгүүдийг иргэд өөрсдөө сайн мэдэж, шаардлагатай хүмүүс нь шинжилгээ өгдөг байх тактикаар ажиллая" гэв. Дүүргүүдэд бүгдэд нь тандалтын баг ажиллаж, шинжилж, ажиглалт, тусгаарлалтад шилжүүлээд явах аж.
Вакцинжуулалт хийх нь зөв арга ч гэсэн тандалт судалгаа хийгээд эерэг гарсан хүмүүсийн ойрын хавьтлуудыг тусгаарлаад явах нь тархалтыг хумих маш сайн арга гэж мэргэжилтнүүд үзжээ.
УОК-оос тандалтын багийн хүчин чадлыг нэмэх арга хэмжээг авсан байна.
Сэтгэгдэл ( 0 )