ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-өөс хүмүүсийн ковидын халдвар нь хүндэрч ирж байгаа шалтгааны талаар "Нууц үедээ явж байсан болон шинж тэмдэггүй халдварууд их байна" гэлээ.
Манай улсад өнөөдрийн /2021.04.17/ байдлаар биеийн байдал нь хөнгөн 2060, хүндэвтэр 791, хүнд 223, маш хүнд 57 хүн байна.
Биеийн байдал нь маш хүнд хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа аж. Монгол Улсад ковидын эсрэг тэмцэхэд хүний нөөцийн тал дээр бэрхшээл байгааг ЭМЯ-наас дахин мэдэгдлээ. Эрчимт эмчилгээний тасагт ажиллаж буй хүний нөөц маш хязгаарлагдмал байгаа аж.
ХӨСҮТ-өөс иргэдэд хандан "Хорио цээрийн үед гэр гэртээ байх нь чухал байна" гэж анхаарууллаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавирусээр халдварласан дөрвөн хүн нас барсан байна. ЭМЯ-наас мэдээлснээр тэдний гурав нь 70-83 насны эмэгтэй аж. Мөн 85 настай эрэгтэй нас барсан байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 83 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй, дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ.
Манай улсад коронавируст халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 41 болжээ.