Вакцины I тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.4 хувь нь халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 27

ЭМЯ-наас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Манай улсад сүүлийн 24 цагт 1098 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь батлагджээ. Монгол Улсад ковидын шалтгаант нийт нас баралтын тоо 88 болсон. Дэлхий дахинд сүүлийн 24 цагт 794 мянга гаруй хүн өвчилж, 12470 хүн нас баржээ.

Вакцинжуулалтын тухайд, дүүрэг бүрт тусгай квот гаргаж өгсөн, Баянгол дүүрэгт хамгийн олон хүн вакцинд хамрагдана хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Улаанбаатар хотод вакцинжуулалтын хоёрдугаар тундаа хамрагдсан 232 мянга гаруй хүн байна. Хөдөө орон нутагт вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлжээ. Одоогоор эмч, эмнэлгийн ажилчдаа вакцинжуулж байгаа аж.

ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хатуу хөл хорионы талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Энэ хугацааг ашиглаад бид дараагийн давлагаандаа бэлдэнэ, нөөц тооцооллоо хийх шаардлагатай. Монгол Улсад дархлаажуулалт явагдаж эхэлсэн ч гэсэн халдварын тархалт өндөр байгаа үед вакцин хийлгэсэн хүмүүс ч халдварт өртөж байна. Вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн хүмүүсийн 0.4 хувь нь халдвар авсан. Мөн вакцинжуулалт явагдаж байгаа үед халдварын тархалт ихэссэнээр вирусний мутац үүсэх эрсдэлтэй байдаг" гэв.

Хөл хориог сулруулахдаа эрүүл мэндийн салбар хариу арга хэмжээ авах чадвартай байгаа эсэх, нас баралт болон халдварын тоо буурсан, оношилгооны нөөцтэй, вакцинжуулалт сайн байх зэрэг олон хүчин зүйлийг харах аж. 

 

 

 

 

 

 

 

 

Top