Бельги улс өнөөдрөөс /2022.02.07/ эхлэн иргэддээ Бельгийн комик зураг бүхий гадаад паспорт олгож эхэлжээ.
Тус улсын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, гадаад паспортын 34 хуудас бүрт Бельгийн комик зургийг арын дэвсгэр болгон хэвлэсэн байна.
Паспортын эхний хуудсан дээр хүүхэлдэйн киноны баатар Тинтин сэтгүүлчийн сар руу ниссэн улаан өнгийн пуужинг дүрсэлсэн бол смурф, адал явдал хайгч Блейк, Мортимер, ковбой Люк, Ларго Винч зэрэг комиксын баатрууд паспортын хуудаснуудыг мөн чимжээ.
Бельгийн Гадаад хэргийн сайд Софи Вельмесийн мэдэгдсэнээр, эдгээр дүрүүд нь Бельги улсыг танилцуулахаас гадна нэг хэлбэрийн нууцлалын зэрэг гүйцэтгэх гэнэ. Паспортыг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх зорилгоор нууцлалын элементийн тоог 24-өөс 48 болгож нэмэгдүүлжээ.
Бельгичүүд комиксыг урлагийн үндэсний нэг төрөл гэж үздэг байна. Алдартай цувралын баатар болох Тинтин сэтгүүлчийг “Дэлхий дээрх хамгийн алдартай бельги хүн” гэж нэрлэдэг байна. Тинтинийг зураач Эрже /Жорж Проспер Реми, 1907-1983/ бүтээжээ. Тинтин баатар бүхий анхны цомог 1929 онд гарсан түүхтэй. Зураач Эрже өөрийнхөө баатарт зориулж хоёр жилд нэг удаа шинэ ном гаргадаг байжээ. Тинтин үнэнч нохойн хамтаар бүх тивээр аялж, олон адал явдалтай таарч, Нил Армстронгоос 15 жилийн өмнө сар руу нисээд ирсэн. Нийт 24 цомгоор дамжуулан Эрже дэлхийн хагас зууны дэлхийн түүхийг өвөрмөц байдлаар дүрслэн үзүүлжээ.
Дэлхий дахинд Тинтиний тухай комикс 350 сая гаруй хувиар борлогдож, гаднын 80 хэлээр 100 гаруй улсад хэвлэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )