Нийт зөрчлийн 53 хувь нь ГААЛИЙН ТАТВАРААС ЗАЙЛСХИЙХ зөрчил байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

Гаалийн ерөнхий газар /ГЕГ/-аас өнөөдөр /2022.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гаалийн байгууллага нь Монгол Улсын нэг жилийн төсвийн 3.1 хувийг бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн нэг жилийн хугацаанд 192 зөрчил илрүүлж, 2.9 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулжээ.

Нийт зөрчлийн 53 хувийг гаалийн татвараас зайлсхийх зөрчил эзэлж байгаагийн 64 хувь нь Монгол Улс руу орох чиглэлд, бусад нь гадагш чиглэлд илэрсэн байна. Үүнтэй холбоотойгоор гаалийн байгууллагаас татвараас зайлсхийх зөрчлийг илрүүлэх ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа гэдгийг онцоллоо.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт иргэн Ю гэх эмэгтэй ГЕГ иргэдийн ачааг хилээр нэвтрүүлэхдээ бараа нэг бүрийг шалгаж, чирэгдэл учруулж байна гэдэг мэдээлэл цахим орчинд тарсантай холбогдуулан албаныхан тайлбар өгсөн юм. 

"Чингис хаан" олон улсын нисэх буудлын Гаалийн газрын дарга Г.Баасандорж "Сүүлийн үед сошиал орчинд цацагдаад байгаа мэдээллийг товчхон танилцуулах ёстой байх. Өнгөрсөн долоо хоногт тухайн мэдүүлэгч тус гаалийн газарт 19 гаруй тонн бараагаа мэдүүлсэн. Энэ сарын 7-ний өдөр мэдүүлсэн. Ингээд өнгөрсөн гурав дахь өдөр бараанд нь шалгалт хийхээр болсон боловч тухайн мэдүүлэгч эмэгтэй ирээгүй. Улмаар хуулийг тайлбарлаж, өнгөрсөн баасан гарагт ачаа барааг шалгах ажиллагааг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 350 ачаа барааг шалгаад дууссан. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.

Гаалийн ерөнхий газрын хуулийн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираа “Иргэн Ю нь бараагаа гаальд мэдүүлсэн ч хяналт шалгалтын явцад  дөрөв тав дахин дутуу мэдүүлсэн байсныг олж тогтоосон.

Иргэн Ю-тэй холбоотой 307 ачааг шалгахад дотор нь 13500 ширхэг барааг дутуу мэдүүлсэн байна. Ахин 120 боодол ачаа боодол шалгана. Мөн тухайн иргэнийг ачаагаа ирээд шалгуул гэхээр ирдэггүй, янз бүрийн байдлаар хяналт шалгалтын үйл ажиллагаанд саад учруулж нөлөөлөх гэж оролддог.

Түүнчлэн тухайн иргэн нь бараагаа 64 сая төгрөгөөр тээвэрлүүлж авчирсан гэх баримт гаргаж өгсөн. Гэвч тээврийн байгууллагатай холбогдоод асуухад 64 сая төгрөгийн тээвэрлэлт хийгдээгүй 308 сая төгрөгийн тээвэрлэлт хийгдсэн гэсэн мэдээлэл өгсөн. Хяналт шалгалт, нарийвчлан үзлэг шалгалт одоогоор дуусаагүй байгаа. Эхний байдлаар багагүй хэмжээний татвараас зайлсхийж, гаалийн байгууллагад барааг худал мэдүүлсэн зөрчил илэрсэн. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын үйл ажиллагаа дууссаны дараа албан ёсоор энэ талаар тодорхой мэдээлэл өгөх болно" хэмээлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top