Л.ГАНБАТ: Их, дээд сургуулийн элсэлт 28-наас цахимаар эхэлнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 23

Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэлсэнтэй холбогдуулан Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат мэдээлэл хүргэлээ. (2022.06.23)

Тэрбээр "Энэ жил ЭЕШ-д нийт 36,253 шалгуулагч хамрагдахаар бүртгүүлсэн. Үүний 29,200 орчим нь энэ жил 12 дугаар ангиа төгсөж байгаа шалгуулагчид байна. Үлдсэн 7000 гаруй нь өмнөх онд сурч төгссөн, дахин их, дээд сургуульд элсэхээр ЭЕШ дахин өгч буй шалгуулагчид бүртгүүлсэн.

Шалгуулагчдын 80 орчим хувь нь математик, физик, англи хэл, нийгэм судлал хичээлүүдийг сонгож шалгалт өгч байна.  Түүх, газарзүй, Орос хэл хичээлүүдийг шалгуулагчдын 10-20 орчим хувь нь сонгосон.

Улсын хэмжээнд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах нийт 49 байранд шалгуулагчдыг хуваарилж, шалгалт авах бүх бэлтгэл ажил хангагдсан.

Шалгалтын зохион байгуулалтад улсын хэмжээнд нийт 2800 орчим багш, ажилтнууд, цэрэг, цагдаагийн албаныхан, холбогдох салбарын хүмүүс хамтран ажиллаж байна.

Мөн олон улсын дүн оноог Монгол Улсын ЭЕШ дүн оноотой дүйцүүлэх, түүгээрээ дотоодын их сургуульд элсэх боломжийг энэ жилээс бүрдүүлсэн. Энэ жил 560 орчим шалгуулагчдад олон улсын дүнг дүйцүүлсэн батламж хуудас олгоод байна. 

Түүнээс гадна өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас цахим сургалт явуулсан. Үүний улмаас сурагчдын хичээлийн хоцрогдолтой, шалгалт өгөхдөө сандралтай байгаа. Тиймээс сурагчдын хоцрогдлыг арилгах, мэргэжлийн сэтгэлзүйчдийг ажиллуулж, шалгуулагчдад зөвлөгөө өгч ажиллаж байна.

ЭЕШ дууссаны дараа хариу бөглөх хуудсыг хураан авч, тэр дор нь автомат машинаар уншуулж, эхний дүнг буюу тухайн материалыг хэдэн хувь гүйцэтгэсэн дүнг шууд харуулна.

Харин улсын хэмжээнд байгаа нийт 49 шалгалт авах байрын дүн мэдээллийг БҮТ нэгтгээд, хэмжээст оноо буюу 800 онооноос хэдэн оноо авсан тухай мэдээг тухайн өдрийн орой албан сайтдаа байршуулна.

Бас нэг онцлог нь, ЭЕШ-ын батламж хуудсыг энэ жилээс эхлэн цахимаар олгохоор болсон. Боловсролын үнэлгээний төвийн сайтаар нэвтрэн татаж авахаас гадна E-Mongolia систем, ТҮЦ машинаас хэвлэж авах боломжтой.

Шалгалтын нэгдсэн хариу бүхий батламж хуудсыг зургаадугаар сарын 28-ны өглөө сайтад байршуулна. Ингээд тухайн өдрөөс  бүх их, дээд сургуулийн элсэлт цахимаар эхлэх юм.

Шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг.

Анхны оноо /100 хүртэлх оноо/ гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. Тухайлбал: математикийн хичээлийн шалгалтын сэдэв нийт 50 оноотой ба шалгуулагч нийт 40 оноо авсан байвал энэ нь анхны оноо болох бөгөөд хувиар тооцвол 80 хувийн гүйцэтгэлтэй шалгагджээ гэсэн үг юм. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.

Хэмжээст оноо /200-800 хүртэл/ гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.

Проценталь оноо /100 хувь хүртэл/ нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм"гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top