Төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийнхэн хамтран гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахаар Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл байгуулан ажиллаж байна. Зөвлөлийн хурлыг дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд зөвлөлийн дарга А.Баяр удирдан явууллаа.
Энэ удаагийн зөвлөлийн хурлаар
1. Дүүргийн гамшгийн нөхцөл байдал, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт, цаашид анхаарах асуудал
2. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай гэсэн асуудлыг хэлэлцэв.
Дүүргийн хэмжээнд гамшгийн энэ оны байдлыг зөвлөлийн орлогч дарга, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Пүрэвжав танилцуулж, хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнасан.
Баянзүрх дүүргийн хэмжээнд Онцгой байдлын албан хаагчид нийтдээ 42 удаагийн гамшиг ослын дуудлагаар ажилласан байна. Үүний хамгийн их буюу 36 дуудлага үер усны гамшиг байсныг онцоллоо. Мөн гал түймрийн гамшиг өнгөрсөн оныхоос даруй 16 хувиар өссөн байна. Тиймээс гал түймрийн аюул, үеэр уснаас сэрэмжлэх сургалт болон арга хэмжээг дүүргийн хэмжээнд зохион байгуулжээ.
Дүүргийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулахаар ирэх онд хийх ажлын төлөвлөгөөг гаргасан бөгөөд зөвлөлийн нарийн бичгийн дарга, ИТХ-ын Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан танилцуулсан юм.
Ирэх оны төлөвлөгөөнд гамшгийн эрсдэлийн талаар таниулах чиглэлээр мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх олон ажлыг оруулсан нь үр дүнгээ өгнө гэдэгт зөвлөлийн гишүүд санал нэгдсэн. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийг татан оролцуулах нь зүйтэй гэх санал гарснаар И-Март худалдааны төв гамшгийн эрсдэлийн талаар цаг үеийн мэдээ мэдээллийг өөрсдийн мэдээлэл түгээх сувгаараа дамжуулан тогтмол өгч байхаар боллоо хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
hujaa