БЗД: 2000 гаруй айлын тог цахилгааны асуудлыг шийдвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 02

2023 оны төсвийн төсөөлөл, төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаарх нийтийн сонсголыг зохион байгууллаа.

2023 оны Орон нутгийн хөгжлийн сан болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний талаарх нийтийн сонсголыг өнөөдөр /2022.12.02/ зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн 43 хорооны иргэдийн төлөөлөл болон Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга И.Баттөгс, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон дүүргийн харьяа хэлтсийн удирдлагууд нийтийн сонсголд оролцсон.

 

 

Нийтийн сонсголын өмнө төсвийн орлогын гүйцэтгэлийг танилцуулсан. Баянзүрх дүүргийн төсвийн 2022 оны орлогын төлөвлөгөө 223,220,5 сая төгрөгөөр батлагдсан. Эхний 10 сарын байдлаар 195,618.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 122,492.2 сая төгрөгийн орлого төвлөрсөн.

Нийт орлогын 94,1 хувийг татварын орлого, 3.8 хувийг татварын бус, 2.1 хувийг тусламжийн орлогоос бүрдүүлсэн байна.

Энэ онд тохижилт, ногоон байгууламжийн хүрээнд 2,8 тэрбум төгрөгөөр 24 төсөл арга хэмжээ, 253.8 сая төгрөгөөр гэрэлтүүлгийн 3 төсөл арга хэмжээ, 655.1 сая төгрөгөөр их засварын 5 төсөл арга хэмжээг тус тус хэрэгжүүлсэн.

 

 

Мөн тавдугаар сард хийж хэрэгжүүлэх ажлын хүрээнд иргэдээс санал авах ажлыг зохион байгуулж 211,005 иргэн буюу 1,477,035 ширхэг санал хүлээн авсан.

Харин ирэх онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Мөн 2000 гаруй тог цахилгаангүй байгаа айлын асуудлыг шийдвэрлэж, тохижилтын ажлыг эрчимжүүлнэ гэдгийг Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс онцоллоо.

Үүний дараа ирэх онд хийж хэрэгжүүлэх ажилд сонсголд оролцсон иргэд өөрсдийн саналаа өгсөн. Мөн удахгүй зохион байгуулагдах Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанд эдгээр саналыг хүргүүлж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top