БНСУ-ын парламент Ерөнхийлөгч Юн Сог Ёлыг огцруулах тухай хуулийн төслийг дэмжив. Ерөнхийлөгчийн үүргийг тус улсын Ерөнхий сайд Хан Док Су түр орлон гүйцэтгэхээр болжээ. Ерөнхийлөгчид импичмент зарлах тухай хуулийн төслийг Үндэсний ассамблейн 300 гишүүний 204 нь дэмжсэн байна.
Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Хан Док Су улс төрийн хямрал үүсээд буй нөхцөлд тогтвортой байдлыг хангахын тулд бүхий л хүчин чармайлтаа гаргана гэж амлав.
БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сог Ёл энэ сарын 3-нд дайны үеийн онц байдал гэнэт зарласнаар улс төрийн хямрал үүссэн билээ. Дайны байдлын нөхцөлд парламент, улс төрийн намуудын үйл ажиллагаа зэрэг бүхий л улс төрийн үйл ажиллагааг хориглодог байна. Онц байдал зарласан даруйд Юн Сог Ёлыг шийдвэрийг цуцлахаар парламентын 190 гишүүн Үндэсний ассамблейн танхимд орж чадсан юм. Дайны байдал зургаа хүрэхгүй орчим цаг үргэлжилсэн билээ.
Өдгөө Ерөнхийлөгчид зарласан импичментийг батлах эсэх эцсийн шийдвэрийг Үндсэн хуулийн цэц гаргана. Ингэхдээ эл хэргийг шийдвэрлэх явц зургаан сар хүртэл хугацаа авч магадгүй. Хэрэв Үндсэн хуулийн цэц ерөнхийлөгчийн огцруулахын дэмжвэл ээлжит бус сонгууль явуулна.
Юн Сог Ёл түүнд импичмент зарласны дараа мэдэгдэл хийхдээ “Завсарлага авахаас өөр аргагүйд хүрч байгаа хэдий ч ард түмэнтэйгээ ирээдүй рүү хамт явсан зам маань дуусах учиргүй. Би хэзээ ч бууж өгөхгүй” гэж онцолжээ. Тэрбээр сөрөг хүчнийг импичментийг урвуулан ашиглаж байна хэмээн буруутгасан байна.
БНСУ-ын парламент ерөнхийлөгчийг огцруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх үеэр парламентын ордны өмнө олон зуун цугларчээ. Сөрөг хүчний Ардчилсан намын дарга Ли Жэ Мён цугларсан олны өмнө үг хэлэхдээ “Ард түмэн та бүхэн үүнийг хийлээ. Та нар шинэ түүхийг бичиж байна” гэв. “Сэтгэл маш их хөдөлж байна. БНСУ-д ард түмэн нь амьд, ардчилал амьд байгаа гэдэгт итгэхийг хүсэж байна” гэж нэгэн жагсагч ВВС агентлагийн сурвалжлагчид ярьжээ.
Юн Сог Ёлыг дэмжигчид мөн Сөүл хотын гудамжинд гарсан ч импичмент зарласан тухай мэдээ гармагц тарсан байна. Юн Сог Ёл нь БНСУ-ын түүхэнд импичмент зарлуулсан хоёр дахь ерөнхийлөгч болж байна. 2016 онд БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийдөгч Пак Гын Хэ-д импичмент зарлаж, огцруулж байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
hicheel zaaj bna bidend so ulsiin irged