“Орон нутагт гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” төслийн нээлт Өвөрхангай аймагт болж байна. Төслийн нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаныхан оролцлоо. Тус төслийг Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ санаачилан Эрүүл мэндийн яам болон Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношлогоо эмчилгээний төвтэй хамтран хэрэгжүүлж байгаа юм.Орон нутгийн эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сайн туршлага, шинэ инновацийг орон нутгийн эмчилгээнд нэвтрүүлж сургалт арга зүйгээр хангаж ажиллах зорилготой энэхүү төслийг ирэх зургаадугаар сар хүртэл хэрэгжүүлэх юм. Энэхүү төслийг хэд хэдэн үндэслэл шалтгаанаар орон нутагт хэрэгжүүлж байгаа юм. Тухайлбал, ГССҮТ-өөр хэвтэн эмчлүүлэгсдийн 40 хувийг орон нутгаас ирсэн үйлчлүүлч эзэлдэг. Тодруулбал, ГССҮТ-ийн яаралтай тусламжаар жилд дунджаар 91600 иргэн үйлчлүүлдгээс 12324 буюу 13.5 хувийгорон нутгийн иргэд эзэлж байна. Энэ тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа нь төслийг санаачлан хэрэгжүүлэх нэг үндэслэл болжээ. Үүнээс гаднаГССҮТ-д үйлчлүүлж буй орон нутгийн иргэдээс Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн харьяа аймгуудын үйлчлүүлэгчид эхний гурван байрт багтдаг байна. Ийнхүү орон нутгаас гэмтэл согогын тусламж, үйлчилгээ авч байгаа иргэдийн тоо нэмэгдэж буйтай холбоотойгоор эмчилгээ үйлчилгээний чанар хүртээмж, шинэ технологийг орон нутагт нэвтрүүлэх шаардлага гарч буйг албаныхан онцолж байна. Зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх энэхүү төслийн хүрээнд сүүлийн үеийн нотолгоонд суурилсан удирдамж журмыг баримтлан ур чадварыг нэмэгдүүлэх сургалтадбүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтнүүдийг хамруулах юм. Мөн анагаах ухааны эмчилгээний орчин, шинэ технологийг нэвтрүүлж орон нутгаас ирж үйлчилгээ авч байгаа иргэдийн урсгалыг багасгаж, цаг хугацаа, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байх нөхцөлийг бүрдүүлэх зорилт дэвшүүлжээ. Төслийг хэрэгжүүлж дууссаны дараа хэд хэдэн үр дүн гарна гэж тооцсон байна. Тухайлбал, БОЭТ-ийн гэмтэл согогын тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж гэмтлийг цаг алдалгүй оношлож, эмчлэх боломжтой болно гэдгийг албаныхан онцлов. Мөн бүсийн оношлогоо эмчилгээний төвийн өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна ГССҮТ-ийн эмчилгээ үйлчилгээг, бүсийн оношлогоо эмчилгээний төвд нэвтрүүлж иргэдэд үйлчилгээг ойртуулахаас гадна орон нутгийн эмч, мэргэжилтнүүд ажлын байран дээрээ хөгжих боломж бүрдэх юм байна. Хамгийн гол нь бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эмч, мэргэжилтний ур чадвар, мэдлэг сайжирч төвийн хэмжээнд хийдэг мэс ажилбаруудыг орон нутагтаа хийж, нас баралтыг бууруулах юм. Тус төслийн хүрээнд үндсэн гурван чиглэлийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд буйг нээлтийн үеэр дуулгалаа. Тодруулбал, эмчлэх хүний нөөц, тоног төхөөрөмж, мэс заслын блок, гэмтлийн тасгийн зарим палатыг засварлан шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг ГССҮТ, Өвөрхангай аймгийн БОЭТ хамтран ЭМЯ болон холбогдох төрийн байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэхээр төлөвлөжээ. Өвөрхангай аймгийн БОЭТ хүний нөөцийн чадамж болон газарзүйн байршлийн хувьд төсөл хэрэгжүүлэхэд боломжтой гэж үзэн тус аймгийг сонгосон байна. Тус аймгийн БОЭТУлаанбаатар хотоос 420 км зайд оршдог бөгөөд баруун бүсийн хөгжлийн тулгуур төв, баруун дөрвөн аймаг дамжин өнгөрдөг хатуу хучилттай замтай тул эмчилгээ үйлчилгээг хөгжүүлэхэд тохиромжтой гэж үзсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )