Хүүхдийн эмч нарын хамтарсан сургалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 01

“Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын тулгамдсан асуудлууд-II” сэдэвт хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулсан сургалт ЭХЭМҮТ-ийн хурлын танхимд эхэллээ. Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож хэлсэн үгэндээ энэхүү сургалт нь анх 2016 онд ЭМЯ, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-д орон нутаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа хүүхдийн ба хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарыг хамруулан амжилттай зохион байгуулсан.

Манай улсын хувьд эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд эх, хүүхдийн эндэгдэл буурч байгаа хэдий ч энэ нь аймаг, бүс нутаг бүрд харилцан адилгүй, тусламжийн тэгш, хүртээмжтэй байдал хангалттай бус байна. Иймд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтаас дэлхий нийтээр 2016-2030 онд хэрэгжүүлэхээр заасан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр - 2030”-ын хүрээнд эх, хүүхдийн эрүүл мэндийн салбарт баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллах шаардлагатай байна.

Цаашид эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, ялангуяа хүүхдэд тохиолдох урьдчилан сэргийлэх боломжтой өвчин, эмгэгийн нас баралт, осол гэмтлийн шалтгаантай өвчлөл, эндэгдлийг бууруулах асуудал бидний өмнө зүй ёсоор тавигдаж байна гэлээ. Энэ удаагийн эхний ээлжийн сургалт нь ЭХЭМҮТ, ХӨСҮТ, Хүүхдийн төв сувилал, нийслэлийн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, хүүхдэд тусламж үзүүлдэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулагдан эхэлж байна. 2 дахь ээлжийн сургалт 3-р сарын 15-17–ны өдрүүдэд Бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн ба хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулан зохион байгуулах юм. Цаашдаа энэхүү сургалтыг орчин үеийн анагаахын нотолгоонд суурилсан шинэ мэдээ, мэдээллээр нэмж баяжуулан, хүүхдийн эмч, хүүхдийн эрчимт эмчилгээний эмч нарт зориулан 2 жил тутамд зохион байгуулдаг уламжлалаа хадгалах болно. ЭМЯ эмч, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн ур чадвартай, ёс зүйтэй хүний нөөцийг чадавхжуулах талаар байнга анхааран ажиллаж байгаагийн жишээ нь энэ сургалт юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top