Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд тусламж, дэмжлэг үзүүлэх зорилготой “Нэг зүрх-Нэг нийслэл” аяныг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын дунд өрнүүлж байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар, тус аянд нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төв, Нийслэлийн Шүд эрүү нүүрний төв, Нийслэлийн Түргэн тусламжийн төв, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Жаргалант, Гачуурт тосгоны эрүүл мэндийн төв, мөн Өргөө, Хүрээ амаржих газар зэрэг нийт 14 байгууллага нэгдэж зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд чиглэсэн олон ажлыг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд зорилтот бүлэгт хамаарах эмч, ажиллагсдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор хандивын аян өрнүүлэх, хэрэгцээт эм бэлдмэл, хоол хүнсний зүйлээр байгууллага, хамт олны зүгээс тусалж дэмжих арга хэмжээг зохион байгуулахын зэрэгцээ үйлчлэх хүрээний зорилтот бүлгийн эмэгтэйчүүдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах, зөвлөгөө мэдээллээр хангах, шаардлагатай тохиолдолд хэвтүүлэн эмчлэхээс гадна эмчилгээ, эд материалын хандив, тусламжийн аяныг өрнүүлэх зэргээр тодорхой ажлуудыг хийж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хувьд өрх толгойлсон, олон хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамж шаардлагатай эмч, ажиллагсадаа урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулж, Сэргээн засах болон уламжлалт эмчилгээ хийлгэх эрхийн бичиг олгож, нэг сарын хүнсний хэрэглээг нь хандивлажээ. Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн хувьд гадаадад эмчлүүлэх шаардлагатай гурав болон найман сартай хоёр хүүхдэд мөнгөн тусламж үзүүлснээс гадна хөгжийн бэрхшээлтэй хоёр үйлчлүүлэгчийг сувилалд хэвтүүлэн эмчлүүлэхээр болсон байна.
Мөн Энэрэл эмнэлгээс зорилтот бүлгийн 35 үйлчлүүлэгчийг эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг оношилгоонд хамруулан, эмзэг бүлгийн зургаан иргэнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн ба зорилтот бүлгийн 14 эмэгтэйд гарын бэлэг, шаардлагатай хувцас хэрэглэл гардуулж өгчээ.
Энэ мэтчилэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд нийгмийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг шуурхай хүргэж, сэтгэлийн урам зориг хайрлах хандив тусламжийн аяныг өрнүүлсээр байна.
Сэтгэгдэл ( 0 )