Эрүүл мэндийн яамнаас /ЭМЯ/ хэрэгжүүлж буй Япон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд өчигдөр /2019.03.12/ нийслэл болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгчээ.
Тус арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Масато Такаока, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Япон улсын “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын өндөр хүчин чадал бүхий нийт 34 ширхэг хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, ургийн болон хэвлий, зүрх судасны оношилгоо, эмчилгээнд ашиглах бүрэн боломжтой, олон төрлийн үзүүлэлт бүхий орчин үеийн дэвшилтэт технологи аж. Ялангуяа элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх, оношилгоо эмчилгээнд ашиглах өндөр хүчин чадалтай бөгөөд “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажилд чухал ач холбогдолтой оношилгооны аппарат юм байна. Мөн уг төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нэг тэрбум төгрөгийн үнэтэй рентгэн аппаратыг хүлээлгэж өгсөн бөгөөд энэ нь Япон улсын “SHIMADZU” корпорацийн “OPESCOPE ACTENO” загварын, мэдрэл болон судасны мэс засал, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ашиглах зориулалт бүхий дижитал технологи дээр суурилсан аппарат ажээ.
Сэтгэгдэл ( 0 )