“Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил–2030” салбар дундын үндэсний чуулганыг угтан нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд “Авто ослоор алаг үрсээ алдсаар байх уу” өдөрлөгийг өнөөдөр /2019.04.11/ зохион байгууллаа. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарын бүх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд дээрх уриан дор дуу хоолойгоо нэгтгэн, байгууллагынхаа гадна талбай болон ойролцоох авто замын дагуу осол, гэмтлээс сэргийлэх уриалга, улаан өнгийн анхааруулга тэмдэг бүхий лоозон барьж зогсон зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдсэн юм.
Осол гэмтлийн улмаас дэлхий дахинд жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болдог байна. Мөн зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлдэг гэсэн судалгаа байдаг аж. Ослоос үүдэн жилд 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлж байна.
Нийслэлийн хэмжээнд бүх эрүүл мэндийн байгууллагууд 12:30-13:00 цагийн хооронд байгууллагынхаа гадна талбайд жагслаа
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик мэдээлэл, тандалт судалгааны албаны мэдээллээр Монгол улсын хэмжээнд 19 нас хүртэлх хүүхдийн 52,258 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нийт осол гэмтлийн 36.3 хувийг эзэлж байгаа бөгөөд 27.8 хувь зам тээврийн ослын шалтгаантай байна. Осол гэмтлээр 375 хүүхэд нас барсан нь нийт нас баралтын 14.3 хувийг эзэлж, жилд 52 хүүхэд нас барж байна. Мөн тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний улирлын байдлаар хүүхэд өртсөн осол 145 бүртгэгдэж, 7 хүүхдийн амь нас хохирч, 33 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад амь насаа алдсан хүүхдийн тоо 2.3 дахин өссөн байна. Иймд осол гэмтэлд өртсөн хүүхдүүдийг эмчилж эдгэрүүлж байгаа эмч нарынхаа санал санаачлалаар эмч нар ард иргэддээ хариуцлагыг ухамсарлуулах зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулсан байна.
Сэтгэгдэл ( 0 )