МАН-ын хаалттай хурлаас НӨХӨН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ шийдвэр гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 30

Өнгөрсөн оны зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзсэн байдаг. Өнгөрсөн жил орчим хугацаанд УИХ-ын 42 дугаар тойрог буюу хэнтийчүүд парламентад төлөөлөлгүй явж ирсэн юм. Харин Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сард зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан улс төрийн нам, эвсэл нөхөн сонгуульд оролцох эсэхээ маргааш буюу тавдугаар сарын 1-ний дотор эцэслэж, гаргасан шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуультай. Энэ хүрээнд сөрөг хүчин болох АН-ынхан өнгөрсөн бямба гарагт Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, нөхөн сонгуульд оролцох шийдвэрийг гаргасан байдаг.

Тэгвэл эрх баригч намынхан өчигдөр IV Бага хурлаа хийлээ. Бага хуралд 369 гишүүн оролцохоос 210 төлөөлөгч хүрэлцэн ирсэн юм.Тусгаар тогтнолын ордонд болсон МАН-ын IV Бага хурал хаалттай үргэлжилж, гурван асуудлыг хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох тухай, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураалт, дүн гаргах журам батлах тухай, МАН-ын Удирдах зөвлөлийн тайланг тус тус хэлэлцэв. МАН-ын IV Бага хурлыг нээж Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлсэн бол хурлыг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахалж явууллаа.

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ЭРХ БАРИГЧ НАМЫН ХУВЬД НӨХӨН СОНГУУЛЬД ЗААВАЛ ОРОЛЦОНО

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Улс төрийн намын хувьд аливаа сонгуульд оролцох ёстой. Тухайн тойргын иргэдийн эрх ашгийг хамгаалах, цаашлаад УИХ-аас гаргаж байгаа бодлого, шийдвэрт тэдний саналыг тусгах шаардлагатай. Энэ ч утгаараа бүх тойрогт өөрсдийнхөө төлөөлөл, оролцоог бий болгох нь зөв. Тиймээс нөхөн сонгуульд зайлшгүй оролцох хэрэгтэй.

Харин эрх барьж байгаа намын хувьд Засгийн газрын үйл ажиллагаатай уялдсан асуудалд голчлон анхаарах ёстой гэж үзэж байна. Энд намын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулж үзэх ёстой. Сонгуульд амласан бүх хөтөлбөрөө тусгасан байна. Үүний хэрэгжилт болон хяналт тавих, УИХ-аар дамжиж мөрийн хөтөлбөрт орсон асуудлаа араас нь харах зэргээр Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа уялдах ёстой.

Намаас боловсон хүчний болон улс төрийн томилгоо их хийгдсэн. Энэ бүхнийг дүгнэх, цэгнэхээс гадна улстөрчдийн ёс зүйн асуудал зэрэг нь бол намын Удирдах зөвлөлийн зайлшгүй анхаарч, харж байх шаардлагтай зүйлүүдийн нэг” гэв.

Х.НЯМБААТАР: УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫГ ДҮГНЭХЭД ЭРТ БАЙНА

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Нөхөн сонгуульд нэр дэвшигчийн асуудал огт яригдаагүй. Зөвхөн Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд МАН оролцох эсэхээ шийдэх хуулийн хамгийн сүүлийн өдөр. Аливаа улс төрийн нам, эвсэл сонгуульд оролцох эсэхээ намынхаа бүтцийн байгууллагаар шийддэг. Энэ ч утгаараа нөхөн сонгуульд оролцох эсэхийг намын Бага хурлаас шийдлээ. УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар ард иргэд МАН-д итгэл үзүүлсэн.

Харин тухайн 42 дугаар тойргын нэр дэвшигч өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн. Нөгөөтэйгүүр манай улс сонгуулийн жижиг тойрогтой. Энэ ч утгаараа тухайн тойргын сонгогчдын төлөөлөл парламентад байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэнтийчүүд нөхөн сонгуулиар өөрсдийн төлөөлөлтэй болох шаардлагатай.

Би намын Удирдах зөвлөлд байдаггүй. Удирдах зөвлөл намын дүрэмд заасан хүрээнд ажлаа хийж байна. Одоогоор Удирдах зөвлөлийг хэрхэн ажиллаж байгаа талаар үнэлэлт, дүгнэлт өгөх нь эрт байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд хэрхэн оролцсон байдлаас нь шалтгаалж үнэлэлт, дүгнэлт өгөх байх гэж бодож байна” хэмээн намынхаа Бага хурлын үеэр байр сууриа илэрхийлсэн юм. Тусгаар тогтнолын ордонд өчигдөр 14.00 цагаас эхэлсэн МАН-ын IV Бага хурал 17.00 цаг өнгөрч байхад дууссан. Улмаар Бага хуралд оролцсон нийт гишүүдийн олонх нь Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойрогт оролцох шийдвэрийг гаргалаа. Харин өнөөдөр МАН-ын Бага хурлаасаа гаргасан шийдвэрийн талаар олон нийтэд мэдээлэл хийх төдийгүй Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ албан ёсоор хүргүүлэхээр болжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зөвлөх(103.9.89.18) 2019 оны 04 сарын 30

Хүрэлсүх нэр дэвшвэл унанаа. Ингэж шившгээ бүү дэлгээрэй. Хэдхэн сар их хурлын гишүүн болох нь Хүрэлсүхд ямар ч хэрэггүй. Тиймээс ингэж нэр хүндээ бүү унага. Унавал Намын дарга, ерөнхий сайд зэргээсээ хусуулах шалтаг болно шүү

0  |  0
Top