Хэнтийн нөхөн сонгуульд 11 нам өрсөлдөнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 05 сарын 06

Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг ирэх зургадугаар сарын 30-нд зохион байгуулахаар болсон билээ. Харин 13 нам Сонгуулийн ерөнхий хороонд нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ хүргүүлсэн байдаг.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос хоёр намд нь татгалзсан хариу өгч, үлдсэн 11 намыг нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гарагт УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэсэн 11 намд батламжийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийн хамт гардуулж өглөө.

Иргэний зориг ногоон нам нь УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын тайлан, холбогдох бусад баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй тул нөхөн сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан байна.

Мөн Монголын хүний төлөө нам нь Сонгуулийн тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.6 дахь заалтад дурдсан баримт бичгийг дутуу ирүүлсэн учир сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргажээ.

Харин УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд Монгол ардын нам, Арчдилсан нам, Монгол ардын хувьсгалт намаас гадна Хөдөлмөрийн үндэсний нам, Ард түмний олонхийн засаглал нам, Монголын ногоон нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Дэлхийн монголчууд нам, Монгол консерватив нам, Зон олны нам, Үнэн ба зөв нам зэрэг 11 намыг өрсөлдөх аж.

Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд шаардагдах 287 сая гаруй төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Үүний 246.1 сая төгрөг нь Сонгуулийн ерөнхий хорооны нэр дээр, 32 сая төгрөг нь Улсын бүртгэлийн газарт, 8.3 сая төгрөг нь Цагдаагийн газрын үйл ажиллагаанд зарцуулагдахаар төсөвлөжээ. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хорооноос бэлтгэж ажлыг хангаж эхлээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top