Өвөр Монголд хачгаар дамжин халдварлах шинэ төрлийн вирус дэгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 31

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсад хачгаар дамжин халдварлах шинэ төрлийн вирус дэгджээ. Анхны тохиолдол дөрөвдүгээр сард бүртгэгдсэн ч чухам ямар халдвар болохыг тогтоогоогүй байсан юм. Харин Өвөр Монголын анагаах ухааны сургуулийн эрдэмтэд шинэ төрлийн вирус болохыг нь тогтоож, “Алонгшан вирус” гэж нэрлэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Өвөр Монголын өөртөө засах улсад 42 настай малчин анх хачигт хазуулсан гэх үндэслэлээр эмнэлэгт хэвтсэн байна. Орон нутгийн эмч нар хачигт халдвар гэж оношлон, эмчилгээ хийж байсан ч толгойгоор хүчтэй хатгуулах, дотор муухайрах, тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрч, вирусыг тогтоолгохоор эрдэмтдэд ханджээ.

Одоогоор БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яам энэ вирусын судалгааг эрчимжүүлж, эмчилгээний арга зүй, олон нийтэд анхааруулах материал боловсруулахыг үүрэг болгоод байна. 
 

Хачигт халдварын хэд, хэдэн төрөл байдаг ч “Алонгшан” вирус нь хоруу чанар, вирусийн шинж байдал, шинж тэмдэг зэргээрээ ялгаатай аж. Одоогоор БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах улсад л энэ төрлийн вирусийн 374 тохиолдол бүртгэгдэж, 86 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Энэ халдвар зөвхөн хачгаас гадна шумуул зэрэг бусад шавжаас халдварладаг болохыг эмч нар анхааруулжээ.  Вирусээр халдвар эхний 6-8 хоногтоо илрэхгүй, харин 10-14 хоногоос огцом хүндэрдэг байна. Хэрэв яаралтай арга хэмжээ авахгүй бол комад ордог аж. Вирус анх бүртгэгдсэн даруйд АНУ-ын Корнеллийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд судалгаа хийж эхэлжээ. Одоогоор судалгааны хариу эцсийн байдлаар гараагүй байгаа юм.

Монгол Улсад хачгаар дамжин халдварладаг гурван төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг. Энэ гурван тохиолдол бүгд 2003 оноос хойш анх бүртгэгдэн эмнэл зүйн практикт бүртгэгджээ. Он гарснаас хойш Монгол Улсад хачигт халдварын 55 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top