Сүрьеэгийн эмчилгээг "Skype" апп ашиглан зайнаас хянадаг боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Сүхбаатар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан сүрьеэ, БЗХӨ-ний эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг тодорхой хувиар нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд “Эрүүл залуус”, “Эрүүл залуус хөгжлийн түүчээ” өдөрлөгийг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Өнөөдөр /2019.06.19/ болсон өдөрлөгт тус дүүргийн 1-20 дугаар хороо болон дүүргийн нутаг дэсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа их, дээд сургуулиуд хамтран оролцов. 

Дүүргийн хэмжээнд 2018 оны байдлаар сүрьеэгийн диспансерын нийт үзлэг 17311 буюу өмнөх оны мөн үеэс 12,7 хувиар өсчээ.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж буй “Иргэн төвтэй дүүрэг” аяны хүрээнд иргэдийн дундах сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, эмчлэх,  урьдчилан сэргийлэх зорилгоор чанар хүртээмжийг сайжруулан ажиллах үйл ажиллагааны зардлыг шийдвэрлэж, сүрьеэгийн эмчилгээг цахим сүлжээгээр хянахад шаардлагатай тоног төхөөрөмж (Компьютер, зурагт, чихэвч, вэб камер) агаар шүүгч, түргэвчилсэн оношлуур зэргээр хангасан аж.

Ийн тоног төхөөрөмжтэй болсноор нийслэлийн хэмжээнд анх удаа “Skype” аппликейшн ашиглан сүрьеэгийн эмчилгээг зайнаас хянадаг болжээ. Эхний таван сарын байдлаар 34 өвчтөн буюу нийт өвчтөний 20,1 хувийг хянаж байгаа талаар албаныхан ярив. Энэ үйлчилгээг эмчилгээний таслалт буурах, эмчилгээний хяналт сайжруулах үр дүнтэй гэж онцолж байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top