Өнөөдөр /2020.01.23/ БНХАУ-аас Замын-Үүд боомтоор автобусаар зорчиж, Монголын хилээр орж ирсэн Өвөр Монголын харьяат ээж, охин хоёроос коронавирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн тул тэднийг Замын-Үүдэд түр тусгаарлаж байгаад нутаг буцаасан талаар мэдээлсэн билээ.
Тэгвэл коронавирусээр халдварласан байж болзошгүй 20 гаруй иргэнийг өнөөдөр орой Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д тусгаарласан мэдээллийг албаны эх сурвалжууд баталлаа.
БНХАУ-ын Бээжин хотоос ОХУ-ын Москва хотын чиглэлд өчигдөр /2020.01.22/ зорчсон олон улсын галт тэргэнд Хятадын хоёр иргэн өндөр халуурсан тул Эрээн хотод яаралтайгаар шинжилгээнд хамруулахад тухайн иргэд коронавирусээр халдварласан болох нь тогтоогдсон байна. Иймд хамт зорчиж явсан иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлан, шинжилгээ хийж эхлээд байна.
Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Бээжин хотоос ОХУ-ын чиглэлийн олон улсын галт тэргэнд явсан хятад улсын иргэнээс коронавирус илэрсэн. Иймд тухайн өвчтөнтэй хамт зорчиж явсан 20 гаруй иргэнийг өнөөдөр орой ХӨСҮТ-д хүргэлээ. Халдвар авсан байж болзошгүй дээрх иргэдийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамруулж байна” гэлээ.
Өвчтөнтэй хамт зорчиж явсан 20 гаруй иргэний дөрөв нь гадаадын иргэд (Гурав нь тайланд), бусад нь монгол хүмүүс ажээ.
Коронавирусээр халдварласан хоёр иргэнтэй галт тэргэнд ойр байсан өөр 11 хүнийг мөн Эрээнд буулгасан байна.
ХӨСҮТ-д тусгаарласан иргэдийн хувьд одоогоор халуурч, хүндэрсэн зүйлгүй, биеийн байдал хэвийн байгаа ба болзошгүй гэж үзэн, сэргийлэх, шинж тэмдгийг ажиглах арга хэмжээ авч байгааг мэргэжлийн байгууллагууд тайлбарлаж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Myy yrtoi sdakuud we. Setguulchdiin evleliin yokiin site bj saval hiivel ilersen gd hyd hyd shaagaad bhiiin