Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 2022 хүрч, 56 хүн нас барсан бол 49 хүн бүрэн эдгэсэн талаар ням гарагт /2020.01.26/ БНХАУ-ын эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдээллээ.
324 өвчтөний биеийн байдал хүнд байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, нэмж 2.7 мянган хүн халдвар авсан байх магадлалтай байгаа бөгөөд одоогоор онош нь батлагдаагүй байна. Нийт 21.5 мянга орчим хүн халдвар авсан өвчтөнүүдтэй нэгдүгээр зэргийн хавьталтай байсан бөгөөд тэд өдгөө эмч нарын хяналтад байгаа гэнэ.
БНХАУ-ын эрх баригчдын мэдээллээр, Хубэй мужид хамгийн олон тооны буюу 1052 хүн халдвар авчээ. Мөн энэ мужид нас баралтын түвшин хамгийн өндөр /52 хүн/ байна. Бээжинд 51, Шанхайд 40 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Өмнөд Солонгост 2019-nCoV коронавирусээр халдварласан гурав дахь тохиолдолд бүртгэгдээд байгаа бол Португалид анхны сэжигтэй тохиолдол илэрчээ. Тус улсын эрүүл мэндийн яамны мэдээлснээр, өвчтөн Ухань хотоос ирсэн бөгөөд түүний биеийн байдал тогтвортой байгаа аж. Шанхай хотод коронавирусийн халдвар авсан өвчтөн нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Тэрээр 88 настай байсан бөгөөд эрүүл мэндийн өөр асуудалтай байсан гэнэ. Канад улсад мөн анхны сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Тэрбээр 50 настай, Ухань хотоос энэ сарын 22-нд Торонто хотод иржээ.
Одоогийн байдлаар, коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тохиолдлууд Австрали, Вьетнам, Малайз, Балба, БНСУ, Сингапур, Тайланд, Франц, Японд зэрэг улсад бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )