БНХАУ-ын Ухань хотод байгаа 32 монгол оюутныг эх оронд нь авчрах хүсэлтийг Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын Гадаад харилцааны яаманд тавиад буй.
Тэгвэл Уханьд байгаа оюутнуудад БНХАУ-ын эрүүл мэндийн байгууллагын зүгээс үзлэг, шинжилгээ хийсний дараагаар Монгол руу буцаах зөвшөөрөл өгнө гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас өглөө.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу БНХАУ-д тархаад байгаа шинэ коронавирусын голомт болох Үхань хотод хөл хорионд орсон 32 монгол оюутныг эх оронд нь шилжүүлэн авах тухай албан ёсны хүсэлтийг Гадаад харилцааны яам Бээжин дэх Элчин сайдын яамаараа дамжуулан Хятадын Гадаад хэргийн яаманд ноот бичгээр хүргүүлээд байгaa.
БНХАУ-ын Засгийн газар Үхань хотоос гадаадын иргэн нүүлгэн шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, шилжүүлэн өгөх иргэдээр дамжин өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасны дараагаар зөвшөөрөл өгч байгаа.
Гадаад харилцааны яам иргэдээ ойрын хугацаанд шилжүүлэн авахаар ажиллаж байгаа бөгөөд “МИАТ” ТӨХК Үхань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэх бэлтгэлээ бүрэн хангаад байгаа юм.
Монгол оюутнуудаа нутагтаа ирсэн дариуд ХӨСҮТ-д тодорхой хугацаанд тусгаарлан, хяналтад байлгах ажлыг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үхань хотоос иргэдээ шилжүүлэн авах хүсэлтийг Америк, Франц, Япон, Өмнөд Солонгос зэрэг 10 гаруй улс Хятадын Засгийн газарт мөн хүргүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )