ДЭМБ: Коронавирусээр өвчлөгсдийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

ЭМЯ-наас коронавирусийн халдвар, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээлэл өглөө.

Сергей Диордица “Коронавирусийн халдварын дэлхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, халдвараас сэргийлэх, эмчлэх шинэ арга нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон.

Өнөөдрийн /2020.01.29/ байдлаар дэлхийн хэмжээнд нийт 4593 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 6973 тохилдол илрээд байна. Нас барсан хүний тоо 106  хүрсэн. БНХАУ-аас гадна дөрвөн бүсийн 14 улсад 56 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байна. Өвчлөгсдийн 40 хувь нь хууч өвчтэй хүмүүс байна. Нийт тохиолдлын 20 хувь нь хатгалгаа маягаар хүндрэх төлөвтэй байгаа.

Монгол Улсын хувьд ДЭМБ-ын эмнэл зүйн удирдамжийг мөрдөн ажиллаж байгаа. Халдвар хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед хүн ам түгшүүртэй байгааг ойлгож байна. Хятад улсад сүүлийн үед зорчсон, ханиалгах, халуурсан өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Нэг жишээ хэлэхэд, АНУ-д таван иргэн халдварласан. Тэдгээр хүмүүс өөрсдөө ирж оношлуулснаар халдварыг тогтоосон. Тиймээс ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг сануулъя.

Өвчний халдварын онош тодорхой бус байгаа энэ үед хэвлэл мэдээллээр олон нийтэд ташаа мэдээлэл түгэх хандлага байдаг. Тийм учраас эмнэлгийн байгууллагын мэдээллийг үндэслэж бодит мэдээлэл хүргэхийг та бүхнээс хүсье” гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.26.172) 2020 оны 01 сарын 29

Гараа ч угааж мэддэггүй, хэнэггүй нөхөд нь эрчүүд юм хойно тэгэх л байх даа.

0  |  0
Top