ЭМЯ: Коронавирусийн 18 сэжигтэй тохиолдлыг шинжилж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

ЭМЯ-наас коронавирусийн халдвар, түүнээс сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдээллийн эхэнд коронавирусийн халдварын дэлхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн бол ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар Монгол Улсад коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлд авч буй арга хэмжээний талаар танилцууллаа. 


Б.Цогтбаатар "Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, төст өвчний халдвар өндөр байгаа. Дэлхийн олон оронд дэгдэлттэй байгаа. Тандалтын дөрөвдүгээр 7 хоногийн мэдээгээр амьсгалын замын өвчин амбулаторийн үзлэгийн 14.2 хувийг эзэлж байна. Нэгдүгээр сарын 9-29-ний хооронд нийт 36 хүнд тархвар судлалын шинжилгээ, онош судлалын шинжилгээ хийсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 16 хүнийг тусгаарлаад байна. БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн халуурсан өгүүлэмжтэй 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийснээс 14 хүний шинжилгээ өнөөдрийн байдлаар үгүйсгэгдээд байна. Тухайлбал, Хонконгоос ирсэн зорчигчид, Бээжингээс ирсэн зорчигч болон “Дэрэн” хөлбөмбөгийн клубын хүүхдүүд байна. Одоо шинжилгээ үргэлжилж байгаа 18 хүн бий. ХӨСҮТ-д 16 хүн, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хоёр хүнийг тусгаарласан. 

Энэ оны нэгдүгээр сарын 28-нд зургаан аймгийн найман хилийн боомтоор 1966 иргэн нэвтэрсэн. Холбогдох тандалт судалгааг хийхэд сэжигтэй тохиолдол гараагүй” гэлээ.
 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордицагийн өгсөн мэдээллийг хүргэе. 

Сергей Диордица “Коронавирусийн халдварын дэлхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгье. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй уулзаж, коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, халдвараас сэргийлэх, эмчлэх шинэ арга нэвтрүүлэх асуудлаар санал солилцсон.

Өнөөдрийн /2020.01.29/ байдлаар дэлхийн хэмжээнд нийт 4593 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 6973 тохилдол илрээд байна. Нас барсан хүний тоо 106  хүрсэн. БНХАУ-аас гадна дөрвөн бүсийн 14 улсад 56 тохиолдол бүртгэгдсэн байна.

Тохиолдлын ихэнх нь эрэгтэйчүүд байна. Өвчлөгсдийн 40 хувь нь хууч өвчтэй хүмүүс байна. Нийт тохиолдлын 20 хувь нь хатгалгаа маягаар хүндрэх төлөвтэй байгаа.

Монгол Улсын хувьд ДЭМБ-ын эмнэл зүйн удирдамжийг мөрдөн ажиллаж байгаа. Халдвар хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед хүн ам түгшүүртэй байгааг ойлгож байна. Хятад улсад сүүлийн үед зорчсон, ханиалгах, халуурсан өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Нэг жишээ хэлэхэд, АНУ-д таван иргэн халдварласан. Тэдгээр хүмүүс өөрсдөө ирж оношлуулснаар халдварыг тогтоосон. Тиймээс ямар нэгэн сэжигтэй тохиолдол илэрсэн үед эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэйг сануулъя.

Өвчний халдварын онош тодорхой бус байгаа энэ үед хэвлэл мэдээллээр олон нийтэд ташаа мэдээлэл түгэх хандлага байдаг. Тийм учраас эмнэлгийн байгууллагын мэдээллийг үндэслэж бодит мэдээлэл хүргэхийг та бүхнээс хүсье” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top