Коронавирусийн эсрэг вакциныг туршихад НЭГ ЖИЛ шаардагдана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний тоо 6052 хүрч, 132 хүн нас барлаа. Хубэй мужид шинээр 840 гаруй тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр 2002-2003 онд дэгдэж, дэлхий даяар 600 гаруй хүний аминд хүрсэн амьсгалын цочмог хам шинж буюу SARS вирусийн халдварын тархалтыг түвшинг давж гарчээ. Тухайн үед SARS вирусээр 5327 хүн халдварлаж, Хятад улсад 349 хүн нас барсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Ихэнх нас барсан хүмүүс 60-аас дээш настай болон суурь өвчтэй байсан бөгөөд бүгд эх газрын Хятад улсад бүртгэгджээ.

Хубэй мужид 3300 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байгаа бол 20 мянга гаруй хүнийг халдвар авсан эсэхийг шинжилж байна. БНХАУ-ын эрүүл мэндийн улсын хорооны мэдээллээр, 1239 өвчтөний биеийн байдал хүнд байгаа бөгөөд 9.2 мянга гаруй хүнд халдварын шинж тэмдэг илрээд байгаа ба онош нь одоогоор батлагдаагүй байна. Нэмж 60 мянган хүн карантинд байна.


  • Ухань хотын захирагч Жоу Сяньван хотын оршин суугчдын өмнө буруугаа хүлээх үүднээс албан тушаалаа өгөх бодолтой буйгаа Хятадын төв телевизээр мэдэгджээ. Тэрбээр 10 сая гаруй хүн амтай Ухань хотыг хаах тухай шийдвэр хүн төрөлхтний түүхэнд анхны тохиолдолд бөгөөд хүнд шийдвэр байсан гэжээ. Хүн төрөлхтөн хар тахал, салхин цэцэг гээд янз бүрийн аюултай халдварт өвчнийг туулж гарсан. Энэ удаагийн аюул хэр ноцтой нь тогтоогдоогүй байгаа тул хотыг хаахаас өөр сонголт байгаагүй гэж тэрбээр мэдэгджээ.
     
  • Хятадын амьсгалын замын өвчин судлаач, шилдэг шинжээчдийн нэг Жонг Наньшан ойрын долоогоос арван хоногт халдварын тархалтын оргил үе болох бөгөөд түүнээс цааш тархалт буурна гэж үзэж байна. Гэвч Хонконгийн их сургуулийн эрдэмтэд Бээжин, Шанхай, Гаунжоу зэрэг томоохон хотуудад халдварын тархалтын оргил үе дөрөвдүгээр сарын сүүлээр тавдугаар сарын эхээр тохионо гэж таамаглаж байна.
     
  • Төвдийн өөртөө засах оронд нэг сэжигтэй тохиолдол илэрсэн бөгөөд батлагдвал шинэ төрлийн коронавирус Хятадын бүх муж, бүс нутаг, хотод хүрэх юм.
     
  • Одоогийн байдлаар халдвар Өмнөд Америкаас бусад бүх тивд илрээд байна.
     
  • Өмнөд Солонгос, Герман, Испани, Энэтхэг улс Ухань хотоос иргэдээ нүүлгэн шилжүүлэхээр Хятадын эрх баригчидтай ярилцаж байна. Япон, АНУ иргэдээ тусгай онгоцоор авч эхэлжээ.
     
  • ДЭМБ шинжээчдээ Ухань хот руу аль болох ойрын хугацаанд илгээхээр болсон бол АНУ-ын Засгийн газар шинжээчдийн багаа илгээх хүсэлтийг Хятадын талд тавиад байна.
     
  • АНУ-ын эмийн үйлдвэрүүд вирусийн эсрэг эм, бэлдмэлээ үр дүнтэй эсэхийг шалгах зорилгоор Хятадын нийлүүлж байна гэж The Wall Street Journal мэдээлжээ. “AbbVie”, “Johnson & Johnson” ХДХВ халдварын эсрэг зориулалттай бэлдмэлүүдээ нийлүүлж эхэлсэн бол “Gilead Sciences” боловсруулалтын шатанд буй вирусийн эсрэг эмийг нийлүүлэх асуудлыг судалж байгаа аж. Одоогийн байдлаар шинэ төрлийн коронавирсийн эсрэг вакцин, эм бэлдмэл дэлхий дээр хаана ч гараагүй байгаа тул эмч нар туршигдаагүй эм бэлдмэлийг хүртэл хэрэглэх боломжийг судлахад хүргэж байна гэж тус сэтгүүлд бичжээ.
     
  • Афиний их сургуулийн молекул биологчид шинэ төрлийн коронавирус гений шинэ хослол гэх таамаглалд эргэлзэж байна. Тэд “2019-nCoV” болон “RaTG13” генийн бүтэц дэх өөрчлөлт мутацыг судалсны үндсэн дээр шинэ төрлийн коронавирус үнэхээр сарьсан багваахайд халдварладаг өвчин үүсгэгч вирустэй холбоотой болохыг баталсан ч вирусийн нуклеин хүчлийн бүтцэд хэд хэдэн онцлог шинж чанарыг илрүүлжээ. “2019-nCoV” гэх нэршил аваад буй вирусийн генийн бүтцэд янз бүрийн вирусийн нуклеин хүчил илрээгүйгээс гадна SARS вирусийн төрөлд багтдаг бусад вируст илэрдэггүй үл мэдэх, генийн материалтай төсгүй бүтэц илэрчээ. Эрдэмтэд “2019-nCoV” вирусийн нуклеин хүчилд энэ дараалал хэрхэн бий болсныг тайлбарлаж чадахгүй байгаа ч энэ вирус гений шинэ хослолын үр дүнд гараагүй гэдгийг харуулж байна.
     

Коронавирус хүний нүдний салст бүрхэвчээр дамжих магадлалтай. Эрүүл мэндийн улсын хорооны төлөөлөгч Ли Синваний мэдээлснээр, хүний гарын арьсан бүрхэвчид вирус хүрч, энэ гараараа санамсаргүй байдлаар нүдэндээ хүрвэл халдвар авах боломжтой гэнэ. Тиймээс маск тогтмол зүүж, гараа тогтмол угаах шаардлагатай. Түүний хэлснээр, хоёр метрийн зайнаас энэ вирусээр халдварлах боломжтой аж.
 

  • Одоогийн байдлаар 107 хүн эмнэлгээс гараад байна. Бүрэн эдгэрч, эмнэлгээс гарч буй хүний тоо бага байгаа нь эмчилгээний хугацаанаас шалтгаалж байна. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн хүмүүс нэг долоо хоногийн дотор эдгэрч байгаа бол хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдэд хоёр болон түүнээс дээш хоног шаардлагатай байгаа гэнэ.
     
  • Хонконгийн судлаачид шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакцин гаргаж авсан бөгөөд туршилтад оруулахад хугацаа шаардлагатай гэж халдвар өвчин судлаач, Хонконгийн их сургуулийн профессор Юен Квок-юнг ярьжээ. Хятад, АНУ-ын эрдэмтэд мөн вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа аж. Вакциныг эхлээд амьтан дээр туршихад удаан хугацаа шаардлагатай бөгөөд цаашид хүн дээр туршихад жил орчмын хугацаа шаардагдана. Ингэсний дараагаар хэрэглээнд гаргана гэж тэрбээр онцолжээ. Шинэ Вакциныг Юений баг өмнө нь гаргаж авч байсан томууны эсрэг хамрын цацлаг дээр үндэслэн гаргаж авчээ. Судлаачид томууны вакциныг коронавирусийн гадаргуйн антиген буюу эсрэгтөрөгчийн тусламжтайгаар хувиргасан бөгөөд энэ вакцин нь томуунаас төдийгүй шинэ төрлийн вирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгаанаас сэргийлэх боломжтой аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top