Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.23/ ээлжит мэдээллээ өглөө.
Дэлхийн дахинд халдвар авсан хүний тоо 15 сая 101 мянгыг давжээ. Нийт 9.2 сая өвчтөн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Сүүлийн нэг хоногийн дотор 202 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ. ОХУ-д сүүлийн 24 цагт 5862 хүн шинээр халдвар авч, нийт 789 мянга гаруйд хүрлээ. Тувад 35 шинэ тохиолдол илэрч, нийт 5832 болжээ. Монголд 23 хүн ажиглалтад орж, 53 хүн ажиглалтаас гарчээ. Одоогийн байдлаар, 958 хүн ажиглалтад байна. Тэдэнд 43 их эмч, 85 резидент эмч нар эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байна.
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: ДЭМБ-ын мэдээлснээр, сүүлийн нэг хоногт дэлхий дахинд 202 мянга гаруй шинэ тохиолдол, 4200 гаруй нас баралт бүртгэгджээ. АНУ-д нэг хоногт 63 мянга гаруй шинэ тохиолдол, 1047 нас баралт бүртгэгдэж, халдварын нийт тоо гурван сая 882 мянгыг давж, 141600 гаруй хүн энджээ. Бразилд 67800 гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тус улсад хоёр сая 277 мянга гаруй хүн халдвар авснаас нэг сая 532 мянга гаруй өвчтөн эдгэрч, 82700 гаруй хүн эндээд байна. Энэтхэгт сүүлийн 24 цагт 37700 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт нэг сая 192 мянга гаруй хүн халдвар аваад байна. Японд 795 шинэ тохиолдол илэрснээс 240 орчим нь Токио хотод бүртгэгджээ. Австралид сүүлийн нэг хоногт 56000 гаруй хүнээс шинжилгээ авснаас 502 сорьцод коронавирус илэрчээ. БНСУ-д 59 шинэ тохиолдол илэрснээс 39 нь дотоодын халдвар байна. Сөүлд 11 халдвар илэрчээ. Цэргийн ангид халдвар гарч, 13 цэрэгт коронавирус илэрчээ. БНХАУ-ын эх газарт 22 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 19 нь дотоодын халдвар байна. Эдгээрийн 18 нь Шинжаан Уйгуурт бүртгэгдэж, нэг сая гаруй сорьц цуглуулж, шинжилгээ хийж эхэлжээ. Хонконгт 113 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 105 нь дотоодын халдвар, үлдсэн нь зөөвөрлөгдсөн байна. Тус хотод дэлгүүр, зах зэрэг олон нийтийн газарт амны хаалт зүүх шаардлага тавьж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )