Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.27/ ээлжит мэдээллээ өглөө.
Судалгаагаар, амны хаалт халдвараас 85 хувь, нүүрний хаалт 78-80 хувь хамгаалдаг болохыг харуулжээ. Битүү, агааргүй орчин коронавирус 7-8 метрийн зайд халдварлах боломжтойг мөн судалгаа харуулжээ.
ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: ДЭМБ-ын мэдээллээр, КОВИД-19-ийн эсрэг вакцины 166 судалгаа идэвхтэй байна. Үүнээс 141 нь эмнэлзүйн өмнөх шатанд явж байгаа бол 25 вакцин эмнэлзүйн шатанд ороод байна. Эдгээрээс зургаан вакцин сүүлийн шатанд ороод байна. Үлдсэн эмнэлзүйн туршилтад ороод буй вакцины хувьд цаг хугацаа хожих үүднээс 1,2-р шатны судалгааг нэгтгэн хийж байна. Хятад улс найм, АНУ 5, Их Британи, Герман, Энэтхэг , Австрали тус тус хоёр, Япон, БНСУ , ОХУ тус тус нэг вакцины эмнэлзүйн туршилтыг хийж байна.
АНУ-д өнгөрсөн нэг хоногт 65500 гаруй шинэ тохиолдол, 969 нас баралт бүртгэгдэж, нийт дөрвөн сая 163 мянга гаруй хүн халдвар авснаас 145900 гаруй хүн энджээ. Бразилд 24500 гаруй шинэ тохиолдол, 555 нас баралт бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо хоёр сая 419 мянга гаруйд хүрчээ. Тус улсад нийт нэг сая 600 гаруй өвчтөн эдгэрчээ. Японд 835 шинэ тохиолдол бүртгэгджээ. БНСУ-д 25 шинэ тохиолдол илэрснээс 16 нь зөөвөрлөгджээ. Хятадын эх газарт 61 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс дөрөв нь зөөвөрлөгдсөн бол 41 нь Шинжаан Уйгуурын бүс нутагт бүртгэгджээ. Хонконгт 128 шинэ тохиолдол илэрснээс 103 нь дотоодын халдвар байна. Тус хотод нийт 2633 хүн халдвар авснаас 18 хүн нас баржээ.
Сэтгэгдэл ( 0 )