НҮБ: КОВИД-19 манай гарагийн бохирдлын түвшинг нэмэгдүүлж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

КОВИД-19 цар тахалтай холбогдуулан дэлхийн улс орнуудад тогтоосон хөл хорио хүлэмжийн хийн ялгаруулалтыг таван хувиар бууруулсан хэдий ч хэрэглэсэн амны хаалт, хамгаалалтын бээлий, ариутгагч бодисын сав зэрэг хог хаягдал байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлж байна.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас гаргасан тайлангаас үзвэл, цар тахал дэгдэхээс өмнө хуванцрын бохирдол манай гарагийн хамгийн ноцтой аюулын нэг байсан. Цар тахалтай холбогдуулан хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж буй тодорхой бүтээгдэхүүний хэрэглээ нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын олон улсын худалдаа хариуцсан захирал Памела Кок Хамилтон мэдэгджээ.

“Grand View Research” компанийн судалгаанаас үзвэл, 2020 онд зөвхөн нэг удаагийн амны хаалтны эргэлт 166 тэрбум ам.доллар болж өсжээ. Өнгөрсөн онд энэ бүтээгдэхүүний борлуулалт 800 сая ам.доллар байсан байна. Түүнчлэн хөл хорио хүргэлтийн үйлчилгээг нэмэгдүүлэхийн хэрээр баглаа боодлын хог хаягдлыг мөн нэмэгдүүлжээ. НҮБ-ын үнэлгээгээр, хуванцар хог хаягдлын загасны аж ахуй, аялал жуулчлал, далайн тээвэрт үзүүлж буй сөрөг нөлөөллийн хохирол нь жилд 40 тэрбум ам.долларт хүрдэг байна. Тиймээс НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал хуванцар бүтээгдэхүүнээс татгалзаж, шил, шавар, байгалийн бөс даавуу, цаас, амьтны уураг зэрэг хоргүй био материалд шилжихийг уриалжээ. Энэ нь ялангуяа хөгжиж буй орнуудад ажлын байр шинээр бий болгохоос гадна худалдаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжийг нээх давуу талтай гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах(202.179.27.87) 2020 оны 07 сарын 29

Монголоос өөр хогондоо дарагдаж бохирдож заваарсан улс орон байгаа юм уу?

0  |  0
Top