Б.Янжмаа: АНУ BNT162B2 вакцины эмнэлзүйн сүүлчийн шатны туршилтыг эхлүүллээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 28

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.07.28/ ээлжит мэдээллээ өглөө.

ЭМЯ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: ДЭМБ-ын мэдээллээр, дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний нийт тоо 16 416 263 хүрснээс 10 173 015 өвчтөн эдгэрч, 655 616 хүн нас баржээ. 24 цагийн дотор 254 мянга гаруй хүн шинээр халдвар авч, 5490 хүн нас баржээ.

АНУ-ын эм үйлдвэрлэлийн “Pfizer” компани, Германы “BioNTech” компанитай хамтран бүтээсэн BNT162B2 вакцины эмнэлзүйн сүүлчийн шатны туршилтыг АНУ-ын 39 муж, Герман, Аргентин, Бразилд хамруулан нийт 30 мянган хүн дээр эхлүүлжээ. Сүүлчийн шатны судалгаагаар уг вакцины аюулгүй байдал, үр дүн, оновчтой тунг тогтоох юм. АНУ “Moderna” компанийн вакцины 3-р үе шатны туршилтыг мөн 30 мянган хүн дээр хийхээр болжээ.

АНУ-д сүүлийн нэг хоногт 61700 гаруй шинэ, 564 нас баралт бүртгэгджээ. Тус улсад нийт дөрвөн сая 255 мянга гаруй халдвар авч, 146500 гаруй хүн энджээ. Бразилд сүүлийн 24 цагт 23200 гаруй шинэ тохиолдол, 614 нас баралт бүртгэгдэж, нийт халдварын тоо  хоёр сая 442 мянга гаруйд хүрснээс нэг сая 600 гаруй өвчтөн эдгэрч, 87600 гаруй хүн энджээ. Энэтхэгт 49 900 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварын нийт тоо  нэг сая 445 мянга гаруй болжээ. ОХУ-д өнгөрсөн нэг хоногт 5635 шинэ тохиолдол, 85 нас баралт бүртгэгдэж, нийт халдварын тохиолдол 818 мянга гаруйд хүрчээ. Японд 598 шинэ тохиолдол илэрсэн бол БНСУ-д 28 шинэ тохиолдол, нэг нас баралт бүртгэгджээ. Хятад улсад 68 шинэ тохиолдол илэрснээс 64 нь дотоодын халдвар бөгөөд 57 нь Шинжаан Уйгуурт бүртгэгдсэн байна. Хонконгт сүүлийн 24 цагт 145 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 142 нь дотоодын халдвар байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top