Украинд нэг өвчтөн гурван удаа КОВИД-19 халдвар авчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 30

Украины Тернополь мужид нэг өвчтөн гурав дахь удаа коронавирусний халдвар авсан тухай тус мужийн Эрүүл мэндийн газрын дарга Владимир Богайчук мэдээлжээ.

Украины үндэсний мэдээ /УНН/ сайтад мэдээлснээр, тус мужид коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч байгаа аж. Тус мужид КОВИД-19 оноштой 1075 өвчтөн эмчлүүлж байна. Эдгээрээс 30 өвчтөний биеийн байдал хүнд байгаа аж. Нөхцөл байдал хэр хүнд болохыг хүмүүс ойлгохгүй байгаа тул хорио цээрийн арга хэмжээг мөрдөхгүй байна гэж Владимир Богайчук онцолжээ.

Тус мужид КОВИД-19-өөр дахин халдварласан хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн бөгөөд гурван удаа халдвар авсан тохиолдол нь анхных гэнэ. Халдвар аваад эдгэрсэн ч дахин халдварлахгүй байх баталгаа үгүйг харуулж байна гэж Богайчук онцолсон байна.

Украины Эрүүл мэндийн яамны мэдээллээр, тус улсад нийт 67 597 хүн коронавирусээр халдварласнаас 1650 хүн нас барж, 37 394 өвчтөн эдгэрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top